Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ханой хот дахь Вьетнамын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академид зочилж, лекц уншлаа. Дипломатын академийн Ерөнхийлөгч Данг Дин Кюү лекцийг нээж хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд Монгол Улсаас айлчилж ирсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та болон Таныг дагалдан ирсэн төлөөлөгчдөд гүнээ талархал илэрхийлье. Анх Гадаад харилцааны их сургууль нэртэй 1956 онд байгуулагдсан манай сургуульд өнөөдөр нийт 2500 гаруй оюутан, 350 гаруй доктор, профессор ажилладаг. Монгол оюутнууд ч олон бий. Манай сургууль жил бүр 60 оюутныг магистр, докторын сургалтад, 450 оюутныг бакалаврын сургалтад олон улсын харилцаа, олон улсын хууль, олон улсын эдийн засаг, англи, франц хэл гэх мэт мэргэжлээр сургадаг. Ингээд манай сургуульд хүрэлцэн ирсэн хүндэт зочноо индэрт урья” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Монголын ардчилсан шилжилтийн туршлагаас лекцээ эхэлье. Манай хоёр орны харилцааны үндэс суурийг бидний ахмад үеийнхэн тавьж, өнөөг хүртэл сэвтүүлээгүй хадгалж ирсэн. Вьетнамын агуу удирдагч Хо Ши Мин 1955 онд Монголд айлчилсан байдаг. Ирэх 2014 онд бид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэнэ.
Манай хоёр улсын харилцааны нэгэн онцлог гэвэл түүхэндээ ямар ч маргаан, зөрчил гаргаж байгаагүй явдал юм. Бид үргэлж харилцан бие биенээ дэмжиж, тусалж ирсэн. Бидний болон бидний хойч үе энэ сайхан харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Энэхүү айлчлалын гол зорилго ч үүнд оршиж байгаа. Харилцаагаа хөгжүүлэх боломж, салбарууд бидэнд асар их байна. Харилцан технологио солилцох, хамтарсан аж ахуй нээх гээд хамтран ажиллах боломжууд байна. Бид үүний төлөө чадах бүхнээ хийх болно.
Хамгийн хэцүү бэрх сорилт бэрхшээлтэй тулгарч, тэдгээрийг даван туулсан улс ямар байдгийг үзье гэвэл Монголд ирээрэй. Монгол 50 гаруй сая гаруй малтай. Би жирийн нэгэн малчин айлд төрсөн хүн. Дунд сургуулиа төгсөөд цэргийн алба хааж, хуучнаар ЗХУ-д таван жил суралцсан. Мөн дараа нь АНУ-ын Харвардын сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй дүүргэсэн. Хэрэв та бүхэн боловсролдоо санаа тавьдаг бол Харвардын сургуулийг зориорой. Энд та дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшинэ.
Аливаа хүн өмнөө том зорилго тавьж, их зүйлийг мөрөөдөж байх ёстой. Том зүйлийг мөрөөдвөл том ажилтад хүрнэ. ЗХУ-д сургуулиа төгсөөд Монголд сэтгүүлчээр хэдэн жил ажилласны дараа 1990-ээд онд Монголын ардчилсан хөдөлгөөнийг санаа зорилго нэгт нөхдийн хамтаар тэргүүлсэн. Монголын ардчилсан шилжилтийн нэгэн онцлог зүйл гэвэл бид ямар ч хүчирхийлэлгүй зөвхөн энхийн замаар ардчилалд хүрсэн явдал юм. Ингээд бид олон намын тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шилжиж, ард иргэдэд эрхийг нь өгсөн.
Ардчилсан эрүүл нийгэмд шилжихэд хуулийн тэгш хэрэгжилт, сайн засаглал, авлигагүй төр хамгаас чухал. Бид энэ тал дээр чамгүй амжилтад хүрсэн ч цаашид хийх зүйл их байна. Тухайлбал Монгол Улс 2011 онд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлсэн. Мөн 2012 онд Монгол Улс авлигыг хамгийн хурдтай бууруулсан улсаар шалгарч, дэлхийн орнуудын 94-т орсон байдаг” гэв.
Дараа нь Ерөнхийлөгч оюутнуудын сонирхсон асуултад хариулав.
Дипломатын академийн оюутан “Сонирхолтой сайхан лекц тавьсанд баярлалаа. Монгол Улс хоёр том гүрэнтэй хиллэдэг. Хоёр хөршийн хил дээр маргаан гардаг уу? Хэрэв гардаг бол ямар арга замаар зохицуулдаг вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч: “Чингис хаан дэлхийн түүхэнд хамгийн том газар нутагтай, хамгийн хүчирхэг гүрнийг байгуулсан. Үүний гол нууц бол монголчууд Их Засаг хэмээх хуульд захирагдаж байсанд оршино. Зарим хүмүүс монголчууд ямар ч хууль дүрэмд захирагддаггүй байсан гэж үздэг. Энэ бол эндүүрэл. Монголчууд хүмүүсийн шашин шүтлэг, үзэл бодол, итгэлийг хүндэтгэсээр ирсэн. Цаасан мөнгө, дарь гэх мэт зүйл Хятадад анх үүссэн гэж зарим хүн үздэг нь эндүүрэл юм. Эдгээрийг монголчууд санаачилж, зохион бүтээсэн.
Монгол Улсын хувьд хөрш орнуудтайгаа хил гаалийн төдийгүй улс төр, эдийн засгийн ямар ч зөрчил байхгүй. Бид харилцан бие биенээ хүндэтгэж, эвтэй найрсаг харилцаагаа хөгжүүлсээр ирсэн.
Дипломатын академийн оюутан “Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Энэ талаарх туршлагаасаа ярихгүй юу?
Монгол Улсын Ерөнхийлөгч: Монгол Улс нь энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч топ 20 орны нэг. Хэдийгээр Монголын хүн ам цөөхөн ч энхийг сахиулагчдын тоо их. Энэ айлчлалын дараа би Өмнөд Суданд алба хашаад ирсэн цэргүүдтэй уулзана.