УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцсон БНАСАУ-ын Ардын дээд Хурлын депутат хатагтай Ким Сон Хуй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013.11.25/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.
УИХ-ын дэд дарга Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд нь төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа хэллээ. Мөн ирэх сард БНАСАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаагаа дуулгаад төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.
БНАСАУ-ын Ардын дээд Хурлын депутат хатагтай Ким Сон Хуй энэ удаагийн Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болсныг тэмдэглээд Их Хурлын дэд даргыг өөрийн улсад тавтай айлчлахыг урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.