logo
Дарханы АН-ынхан улстөрийн суулт зарлана гэв

Дарханы АН-ынхан улстөрийн суулт зарлана гэв

2013/11/26
Дархан-Уул аймгийн Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд “Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн” байгуулснаа олон нийтэд мэдэгдлээ. Уг хөдөлгөөнийхөн намаа шинэчлэхийн тулд анхан шатны үүрүүдэд Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд шударга сонгууль явуулж шийдвэрлэхийг хүсч байгаа аж. Тодруулбал, энэ сарын 18-нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг Ардчилсан намын удирдлагуудаас хүсч байгаа гэнэ. Хэрэв үүнийг хэрэгжүүлэхгүй бол тэд улс төрийн суулт зарлана гэдгээ ч мэдэгдсэн юм.

Дархан-Уул аймгийн АН-ын дарга байсан Л.Наранбаатар хэлэхдээ “Дарханы Ардчилсан намд салхи оруулах цаг болсон. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн “Бурхан Халдун” группын хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн. Үүнээс болж үе үеийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2004 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн гурван гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр Ардчилсан засаг барьж байгаа үед нэг ч гишүүнгүй байна. Орон нутагт тэр чигтээ ялагдсан. 18 багийн Засаг даргаас Ардчилсан намын нэг ч хүн байхгүй. Энэ мэтээс өмнөх удирдлагууд Дарханы Ардчилсан намыг хэрхэн удирдаж байсан нь харагдаж байгаа юм. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгээд өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг ч Дарханы мянга, мянган гишүүд дэмжигчид хүсч байгаа” гэсэн юм.

Тэрчлэн Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоод ардчилалгүй, яг л коммунист нам шиг явж ирсэнийг ч тэд шүүмжилж байлаа.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн хувьд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын 600 гаруй гишүүдтэй хоёр удаа уулзалт хийжээ. Уг уулзалтаар  анхан шатны үүрүүдээ хуралдуулж намын даргаа сонгох нь зөв гэсэн байр суурьт нэгдсэн аж. Тиймээс Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт шаардлага хүргүүлж байгаа аж.

Г.ДАРЬ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш