logo
УИХ-ын дарга Улаанбаатар хот дахь гаалийн газрын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга Улаанбаатар хот дахь гаалийн газрын үйл ажиллагаатай танилцав

2013/11/27

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.11.26/ Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, гаальчдын саналыг сонслоо. УИХ-ын дарга эхлээд гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан бараа, эд зүйлсээр гаргасан үзэсгэлэнтэй танилцсан юм.

  Улаанбаатар хот дахь гаалийн газар нь Монгол Улсын гаалийн байгууллагын жилийн бүрдүүлэлтийн 55 хувь, улсын төсөвт оруулах татварын орлогын 60 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус газрын дэргэд гаалийн хяналтын 12 бүс буюу терминал ажилладаг юм байна.

   УИХ-ын дарга хотын гаалийн газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар асууж тодруулсан юм. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат энэ талаар хариулахдаа “Өнөөдрийн түвшинд бага сага хүндрэлийг эс тооцвол хуулийн хэрэгжилт сайн байгаа“ гэлээ. Тухайлбал, хил орчмын иргэдийн хувьд хилээр оруулж ирж байгаа амжиргааны ганц хоёр шуудай будаа, гурилд хяналт тавих нь хүндрэлтэй байдаг, үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд ч гарч байна. Жишээлбэл, хилээр гурав дөрвөн шуудайгаар нь зөөж гаргаад цааш нь ачуулах нь бий гэж байлаа.

   Гаалийн ерөнхий газар 2013 оны улсын төсөвт 1 их наяд 960 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй. Үүнийгээ барагдуулахын тулд бүх гаалийн хяналтыг чангатган ажиллаж байгаа тухай тус газрын дарга О.Ганбат УИХ-ын даргад дуулгалаа. Харин тус газар 2014 онд 1 их наяд 900 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, лон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш