Энэ сарын 23-24-нд АНЭУ-ын Абу-Даби хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Гран при тэмцээнд 35 орны 236 (эрэгтэй 134, эмэгтэй 102) жүдоч хүч үзэв. Тус тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын удирдлага дор гавьяат тамирчин М.Бундмаа, дэлхийн аварга ОУХМ М.Уранцэцэг нарын тэргүүтэй долоон жүдоч эх орноо төлөөлөн оролцсон.
Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-д Монголын жүдочдын анхны эмэгтэй дэлхийн аварга ОУХМ М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв. Тэрбээр Эмиратын татамид эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймд Азербайжаны Аиша Гурбанлиг 2:00 минутад иппон буулгасан. Харин хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий медальт, Францын 18 настай жүдоч Амандин Бучардад алтан цагт ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Амели Россенеуг цаг дуусахаас зургаан секундын өмнө цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон байна.
Харин манай бусад жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг тав, ОУХМ Ц.Цэрэннадмид, +78 кг-д О.Жавзмаа нар долдугаар байрт шалгарч, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар хоёрдугаар тойрогт ялагджээ.
Тус тэмцээний нийт шагналын сан 150 мянган ам.доллар ажээ.