logo
Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах стратегийн зорилтыг тодорхойллоо

Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах стратегийн зорилтыг тодорхойллоо

2013/11/27
УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлага”-д нийслэлийн иргэдийн 60 гаруй нь оршин суудаг гэр хорооллыг цэгцэлж, хөгжүүлэх, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шат дараатай олон ажил хийхээр тусгагдсан. Үүний хүрээнд нийслэлийн ЗДТГ Азийн хөгжлийн банктай /АХБ/ хамтарч 10 жилийн хугацаатай “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг төсөл хөтөлбөрийн явцын талаар харилцан мэдээлэл солилцох 2 талын төлөөлөгчдийн уулзалт болсон юм.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон АХБ-ны Зүүн Азийн Тээврийн хэлтсийн газрын дарга Тайролл Данкан Тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Өнөөдрийн байдлаар 2 тал хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх тусгай замын автобус буюу BRT” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороодоор төслийг хэлэлцүүлэн Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн хувьд зээлийн хэлэлцээрийг хийгээд байгаа юм.

Энэ удаагийн уулзалтаар 2014-2016 онуудад АХБ-тай хамтран ажиллах Стратегийн түншлэл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн тухай хоёр тал харилцан санал солилцсон. Мөн BRT  төслийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан 6 сараар сунгахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш