logo
Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ

Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ

2013/11/27
Нийслэлийн иргэдээс нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвд хүйтний удиралд дугаарын хязгаарлалтыг цуцалж өгөх талаар нилээдгүй хүсэлт ирүүлсэн. Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 2013 оны 11-р сарын 13-наас 15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан.

Саналыг цахим хуудас, мессеж гэсэн 2 хэлбэрээр авсан бөгөөд цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн. Санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул нийслэлийн удирдлагын зөвлөлийн 11 сарын 23-ны ээлжит хуралдааны шийдвэрээр дахин санал авахаар болж, Мобикомын 200 мянган хэрэглэгчээс өнөөдөр /лахагва гараг/ 07-22 цагийн хооронд мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар санал авч байна.  Энэ нь эцсийн шийдвэр гаргахад иргэдийг илүү өргөн хүрээнд хамруулж чадна гэж албаныхан үзэж байгаа юм.

Мессежээр санал асуулга явуулан, дүнг нэгтгэх техникийн хүчин чадалтай үүрэн телефоны Мобиком, Unitel операторуудаас Мобиком нь хамгийн хямд, санал асуулгын нэг мессеж илгээхэд Unitel-ээс 20 дахин бага буюу 12 төгрөг зарцуулдаг тул энэ удаагийн санал асуулгыг Мобикомын 200 мянган хэрэглэгчээс авч байгаа юм. Өнөөдөр иргэдийн илгээсэн хариу мессеж, дуудлагаар дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдвэрлэх учраас 22 цаг хүртэл үргэлжлэх санал асуулгад иргэд идэвхтэй оролцон, мессеж очсон тохиолдолд хариу заавал илгээгээрэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш