logo
УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

2013/11/28
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

  Үндсэн хуулийн цэц “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж тус тус заасны “...шүүх бүрэлдэхүүнд...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын “... шүүх бүрэлдэхүүнд ...”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “...шүүх бүрэлдэхүүнд...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.

  Харин Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд ч Байнгын хорооны дүгнэлттэй санал нэг байсан.

  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Цэцийн дүгнэлтийг гайхаж хүлээж авсан. Цэцийн гишүүд нийгмээс, жирийн иргэдээс тусгаарлагдсан байна. Иргэдэд огт хамаагүй мэт, тэдний эсрэг шийдвэр гаргалаа. АНУ-д гэхэд мэргэжлийн шүүгч шүүх процессыг удирдан тангарагтны шүүгчид буюу иргэдийн төлөөлөл шийдвэрийг гаргадаг. Германд 2 шүүгч, 1 иргэний төлөөлөгч оролцон шийдвэр гаргадаг гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цэцийн асуудлыг эргэн харахгүй бол болохгүй нь. Цэц хамгийн үнэн мэргэн шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой. Гэтэл сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүд нь ойлгомжгүй байна. Зарим асуудалд шуурхай ханддаг, зармыг нь дардаг болоод байна хэмээсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн УИХ-ын тогтоол баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш