Улсын Их Хурлын гишүүд, Ногоон хөгжлийн шинэ загварт шилжих цаг нь нэгэнт болсныг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад эдгээр үзэл баримтлал, хөтөлбөрийг нэгтгэн бодлогын нэг баримт бичиг болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан тодорхойлох, аюултай химийн болон ураны хорт бодисоор байгалаа хордуулахгүй байх бүхий л арга хэмжээг төсөлд тусгахад анхаарахыг хүсэв.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан илтгэхдээ, үндэсний онцлогийг илэрхийлсэн уламжлалт баярын өдрүүдэд илүү ач холбогдол өгч нийтээр амрахыг дэмжиж байгаагаа тэмдэглэсний зэрэгцээ цаашид Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа амрах өдрүүдийн тоог нэмэхгүй байхаар зохицуулах нь зүйтэй гэсэн саналыг зарим гишүүд гаргасан тухай танилцуулав.
Мөн тэрээр төсөлтэй холбогдуулж гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул энэхүү төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг тус Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Энэхүү горимын саналыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэнээр уг хуулийн төслүүд батлагдлаа.
Дараа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг хийлээ.
Байнгын хорооны илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа тавьж, уг хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүн байсан албан тушаалтан тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох, томилогдох гишүүн байхыг хориглосон хууль зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай гэсэн үндэслэлээр боловсруулсан тухай тэрээр танилцуулав.
Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Х.Тэмүүжин нар санаачлан боловсруулсан байна.
Хэлэлцүүлэгтэй холбоотой Улсын Их Хурлын зарим гишүүд асуулт тавьж, саналаа илэрхийлэхдээ, төрийн өндөр албан тушаалтны цалин хангамж, тэдний хамгаалах асуудалд анхаарах, ард түмний итгэлийг хүлээсэн хүмүүст үл итгэх хандлага гаргахгүй байх зэрэг санал гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэнээр уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хууль санаачлагчийн илтгэлдээ,энэ хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, хуулийн хүрээн дэх зохицуулалт, хамрах хүрээ зэрэг асуудалд УИХ-ын гишүүдийн анхаарлыг хандуулав.
Уг хуулийн төслийг оффшор компани, банк, банк бус санхүүгийн байгууллага, банкны данс зэргийг эзэмшигч нь өөрийн болоод эрхэлж буй бизнесийн тухай мэдээллийг олон нийтээс нууцалж болдог нь авлигаас бий болсон хөрөнгөө нуух, мөнгө угаах боломжийг бүрдүүлж байгаа тул төрийн өндөр албан тушаалтанд энэ боломжийг олгохгүй байх зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй гэсэн үндэслэлээр боловсруулсан ажээ.
Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбоотой асуулт тавихдаа, дээрх хуулийн үйлчлэлд хамрагдах хүрээ нь ямар байх, нэр томьёоны асуудлыг тодорхой болгох, уг хуулийн төслийг боловсруулахдаа бусад хуулиудтай хэрхэн уялдуулсан, оффшор бүсийн талаарх асуудал төрийн баримталж буй бодлогын баримт бичигт хэрхэн тусгагдсан, гадаадын эхнэр буюу нөхөртэй төрийн өндөр албан тушаалтанд бусад улс оронд хэрхэн ханддаг, энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг, энэ хуулийн төслийг холбогдох Байнгын хороо нь ямар үндэслэлээр дэмжэээгүй зэрэг асуудлаар тодруулга, нэмэлт асуулт тавьж хариулт авав.
Улсын Их Хурлын зарим гишүүд уг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихдээ, хуулийн төслийн үзэл баримтлал нь цаг үеийн шаардлага гэдгийг онцлон тэмдэглэж байсан бол,Улсын Их Хурлын зарим гишүүд дэмжихгүй гэсэн үндэслэлээ хүний эрхийг зөрчсөн гэдгээр тайлбарлаж байв.
Гишүүдийн олонх нь Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал болох уг хуулийн төслийг хэлэлцэхгүй байх саналыг дэмжээгүй тул холбогдох Байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Дараа нь чуулганы хуралдаанаар хэлэлцсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэгтэй Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс Засгийн газрын бүрэн эрхэд шилжүүлэх ажээ.
Төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж нухацтай хэлэлцэх, энэ хороог Улсын Их Хурлын дэргэд байлгах, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс оруулах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар агаарын бохирдлыг бууруулахад яамд, төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох зэрэг санал гаргасан тухай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны санал дүгнэлтийг илтгэгч УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан төрийн хэдэн байгууллага байдаг, тэдгээрийн чиг үүрэг, ажил нь хэрхэн уялдсан, ажлын үр дүн ямар байгаа, агаарын бохирдолд зарцуулж буй зардлын хэмжээ, түүнд тавих хяналт ямар байгаа, Үндэсний хороог Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс Засгийн газарт шилжүүлж байгаатай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсөв захиран зарцуулах эрхийг шилжүүлэх зохицуулалт хийх шаардлагатай тул холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх, бүрэн эрх нь Засгийн газарт шилжсэнээр энэ асуудалд хандах хандлагад өөрчлөлт орох эсэх, орон нутгаас нийслэлд суурьшин суухаар шилжин ирж буй хүмүүсийн талаар мэргэжлийн байгууллагын судалгаа байгаа талаар, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэрэгжүүлэхийг нийслэлийн засаг, захиргаа эсвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх мэдэлд шилжүүлж болохгүй байгаагийн учир шалтгаан, Үндэсний хорооны ажлыг бүхэлд нь хэрхэн дүгнэж байгаа, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс Засгийн газрт шилжүүлэхийн шаардлага юу байгаа, аймгуудын төвийн агаарын бохирдлыг бууруулах талаар ямар ажил хийсэн зэрэг асуултыг хууль санаачлагчид нь тавьж хариулт авав.
Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв. Маргааш чуулганы хуралдаан 10 цагаас эхлэх бөгөөд түүгээр Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор болов гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.