logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013/11/30

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2013 оны 11 сарын 30-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

·      2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

·      “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журамд өөрчлөлт орууллаа. Ингэснээр мөнгөн урамшууллыг мал хамгаалах сангаас орон нутаг руу шилжүүлж, мөнгө тараах ажлыг орон нутаг зохион байгуулдаг байсныг өөрчилж, Монгол банкаар дамжуулан арилжааны банкин дах малчдын дансанд шууд шилжүүлэх юм.

·      “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулах “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ын төслийг дэмжин тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтжээ.

·      Монгол Улсын Хүний эрхийн төлөө байдлын үндэсний илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны сайн дурын илтгэл бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий  сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш