logo
Луу гүний баян Итгэлтийн үлгэр

Луу гүний баян Итгэлтийн үлгэр

2011/09/03
“Тунгалаг Тамир” романаас сэдэвлэн бүтээв

Халх дөрөв, шавь тавдаа зартай Луу гүний баян Итгэлт “Ланд-105” жийпнийхээ жолоог Их хүрээний зүг хандууллаа. Тэрээр өөрийн үнэнч менежер Эрдэнийгээ дагуулж явахаа мартсангүй. Итгэлт тэр жил Ангарын хотод очихдоо тэндхийн шөнийн эрвээхэй урт хөлт Наташад “сэгсрүүлэн” алдсаныг Эрдэнэ зам зуурт дурсаж инээдэм болж явав.

-Тэр ч мөн аятайхан биетэй дамшиг байсан шүү гээд Итгэлт нүдээ жаатайлган тамшаалахад Эрдэнэ яриаг өөр зүгт хандуулав.
-Таны яриад байгаа ашигт малтмалын хайгуулд хөрөнгө бэлээ зарна гэдэг ч сүүхэйтэй эрийн бодох л бодол гэхэд нь Итгэлт доторх бодлоо ил гаргахгүйг хичээн,

-Ай мэдэхгүй. Та мэт бичиг номтой хүмүүс маниас илүү мэдмээр юм гээд гярхай нүдээр цаадхаа нэвт ширтлээ.
-Хөрөнгө бэл л их шаардана. Та орос түнш Павловтойгоо хоршиж байж л энийг амжуулна даа гэж Эрдэнийн цааш ярихыг сонсоод Итгэлт дотроо “үнэн саак” санаа байна шүү гэж дуу алдсан ч, долоо хэмжиж нэг огтолдог зангаараа яаран үг унагаасангүй.

Халхын толгой баян Итгэлт хөрөнгө зоорио том хэрэгт зарах санааг өвөрлөн цагийн байдлыг тандах болсон нь энэ. “UBS”-ийн мэдээгээр Дашзэвэг ээрч, “ТВ-5”-аар Оюунаа, Манлай хоёр жонгинуулж байдгаар бол дэлхийн цаг агаарын өөрчлөлт, хэдэн улс дамнасан цөлжилт гэх мэтийн аюул нүүрлэж хэдэн малын шимийг харж суух нь ирээдүйд шатахын цондон гэж түүнд бодогдоно.

Тэд сурсан зангаараа хүрээ Дугарын таван одтой буудалд дөрөө мулталлаа. Үдэш нь Итгэлт бэл хайргүй цацсан тансаг хүлээн авалтдаа ирэх дээд зиндааны зочдыг яаж хошгируулж байж хайгуулын лиценз яриулах вэ гэж толгой гашилгаж байсан нь зовоод байх зүйл биш байж. Зочид шууд л “даллуургүйгээр” ашигт малтмалын шинэ хуулийн төслийн тухай яриаг өөрсдөө өдөж, бүр дуугаа өндөрсгөн маргах дээрээ ч тулж байгаа харагдана. Итгэлт баярласандаа “Зөв явбал зөө...” гээд аялчих дөхөөд, хоолойгоо зассан дүр эсгэв. Хэн хаана ямар хор найруулж байгаа, хөдөлгөөний дамшгуудын санааг хуулийн төсөлд яаж тусгах гэж буй, намуудын хананы цаана ямар шивнээ явагдаж байгаа талаар мэдээллийн сэжүүр гарсаар. Итгэлт ариун цэврийн өрөө рүү гарахдаа Эрдэнийг сэм дохиж дуудмагц,

-Довчин бэйсийн хатан Гэрэл чамд талтай. Түүнийг л сайн өөд нь тат, цаад бэйс чинь Их хурлын гишүүн болсон хүн мэдээлэлтэй байгаа гэж шивнэж амжлаа. Тэгснээ дахин эргэж гүйж ирснээ,
-Эрдэнэ ээ! Чи шүү! гэж шивнэлээ.
Ганцхан шил нь л дундаж өрхийн жилийн хоолны үнэтэй тансаг дарс хэргээ бүтээж зочдын цээжин доторх үгийг хатгана. Энэ мэтчилэн хүссэн ховоо сонссоор зочдоо үүрийн таван жингээр үдсэн болой.

Тамирын голд загасчилж явахад нь танилцсан канад бизнесмен Дугласынд зочлохоор Итгэлт шийдэв. Тэр тэдний намрын шаргачин шиг хул шаргал биетэй сайхан охиныг харж нүдээ баясгах гэж очдог байсан бол энэ удаа бас нэг өөр зорилго агуулсан хэрэг. Луу гүний зартай эр эрдмээ гайхуулж мөрөн дээгүүрээ үнэтэй вискийг хундага хундгаар нь цацна. Худлаа согтсоор бүр дүрдээ итгэв. Эрдэнэ буцах замдаа ам нээлээ.

-Урьд шөнийн хүлээн авалт дээр халсан хүмүүс яриад байсан юмны амьд жишээ шив?
-Тийм байна. Хуулийн тэр заалт батлагдвал балрах хүн байна даа.

-Хайгуулд зарцуулсан хайран хөрөнгө! Одоо энэ ордоо олборлоё гэхээр Дугласын мөнгө хүрэхгүй. Авсан лицензээ худалдаж болохгүй, барьцаалж зээл авч бас болохгүй.
-Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад хоосон буцах болно гэсэн үг байх даа!
Ингэж хэлээд Итгэлт бодолд дарагдлаа. Тамирын хөндийн ордын хайгуулд мөнгөө хаялаа гэхэд хэдэн жилийн дараа энэ Дуглас шиг болчихсон сууж байж болох... Өчигдөр Довчин бэйсийн Гэрэлийн танилцуулсан Их хурлын гишүүн бас нэг аймшигтай юм аминчилж хэлсэн байдаг. Хэрвээ тэр заалт батлагдвал Итгэлтийн лиценз авсан ордноос ахиухан юм гарлаа гэхэд түшмэдүүд “Стратегийн орд байна, гучин хувийг нь улс эзэмшинэ ээ” гэчихэж мэдэх. Тэгээд бас стратегийн орд мөн бишийг хэн нэгэн түшмэл үзэмжээрээ шийдэх дамшиг...

Шөнө нойргүй тэлчилж хоносон Итгэлт:
-Тамирын голын мөсийг долоох шахаж цуглуулсан хэдэн юмаа ийм рисктэй бизнест оруулж дашийн шог болгохоо ч азнах уу даа гэж менежертээ хандан нухацтай хэлжээ.

Бага үдийн үест хөдөлж, Тамирынхаа зүгт буцахдаа Итгэлт нэг ч ам ангайсангүй. “Ланд” жийпээ ачаагаа дааж ядсан гуч машин шиг л салгалуулж явлаа. Хүрээ орох замд эхэлсэн инээд наргиа элс рүү юүлсэн ус мэт оргүй болжээ. Тамирын зүүн эрэг дээр бариулсан гурван давхар хаусынхаа гадаа ирж байхдаа ерөөсөө одоохон Павлов руу утасдаж яриад байсан том ажил дэмий тал руугаа болох аятай гэдгийг эвийг нь олж хэлэхээс гэж тэр бодлоо.

Маргааш нь үүр шөнийн заагаар Итгэлт хар дарж, муухай чарлан сэржээ. Тэр гуйлгачин болсон байх агаад, талийгаач Дулам эмгэн шулам болчихсон өмнө нь ирээд, би чиний хөрөнгийг Тамирын хөндийн ариун хөрсөнд шингээлгэсэн шүү, ха ха ха хэмээн муухай чарлаж байх нь тодоос тод харагджээ.

Итгэлт тэр жилээ Оросод цагаачлан гарч олны нүдийг орой дээр нь гаргав. Тэрээр Павловын зуучлалаар Байгаль нуурын эрэг орчимд хайгуул хийх лиценз олж авсан сураг дуулдав. Луу гүний цуутай баяны компанийн ажилтнууд хагас мянга гаруй хүн хар нутаг дээр хаягдаж хоцорчээ. Тэд бүгдээр Заяын хүрээнд бадарчлан очиж Дулам эмгэн шиг гуйлгачин болцгоосны тоонд Эрдэнэ ч бас багтсан байлаа.

А.Амарсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш