Италийн Сенат санал хураалт явуулж, ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн парламентын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр халдашгүй эрх нь хүчингүй болж байгаа тул түүнийг татвараас зайлсхийсэн хэргээр баривчлан саатуулж магадгүй болоод байна. Мөн тэрээр 6 жил парламентын сонгуульд оролцох эрхгүй болов. Италийн улс төрд 20 орчим жил гол дүрүүдийн нэгийг "бүтээсээр" ирсэн Берлускони Ром дахь гэрийнх нь гадна цугласан дэмжигчиддээ хандан парламентын гадна ч тэмцлээ үргэлжлүүлэхээ амлажээ.
80 дөхөж яваа ч насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй нэр холбогдож, багагүй шуугиан тарьж байсан тэрээр 2012 оны 10-р сард татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдсан юм. Mediaset компанийнх нь телевизийн эрх худалдан авах хэлцэлтэй холбоотойгоор Берлускониг ийнхүү буруутгасан аж. Шүүх түүнд нэг жилийн хорих ял оноогоод байгаа. Гэхдээ нас өндөр гарсан тул түүнийг гэрийн хорионд байлгаж, эсвэл нийгэмд тустай хөдөлмөр хийлгэж магадгүй юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/