Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур улсад хийсэн төрийн айлчлалын үеэр 11 дүгээр сарын 25-ны өдөр тус улсын Гадаад хэргийн яаманд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сингапур Улсын Гадаад хэргийн яам хоорондын Бодлогын зөвлөлгөөний тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
Санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн болон Олон улсын байгууллагын Нарийн бичгийн дэд дарга Алберт Чуа нар гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулснаар Улс орны бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг удирдлага болгон НҮБ-ын дүрэмд тусгагдсан зарчмуудын үндсэн дээр Монгол улс, Сингапур Улсын хооронд найрсаг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөж, санал солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх хамтын ажиллагааны хэрэгжилтийг хөхиүлэн дэмжих болон дипломат шугамаар харилцан тохиролцсон асуудлаар санал солилцох, зохицуулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байна.