Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон 850 хүнийг өнөөдөр Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Батлан хамгаалах яамны “Африкийн Энхийн төлөө”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” зэрэг одон медалиар шагнаж урамшууллаа.
УИХ-ын дарга энэ үеэр энхийг сахиулагчдад хандан үг хэлэхдээ, одоогоос 10 гаруй жилийн өмнө дайны гал ид дүрэлзэж байсан Ирак улсад 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг анх удаа илгээн, ажиллагаанаас ажиллагаанд туршлагажиж, бусдаас суралцдаг байсан бол одоо бусдад заах хэмжээнд хүрч, мотобуудлагын батальон хүртэлх хүч хэрэгсэлтэйгээр бие даан үүрэг гүйцэтгэх болсон нь үнэхээр бахархмаар сайхан амжилт юм. Энхийг сахиулагчид та бүхэн эрс тэс цаг агаар, эрүүл мэндийн эрсдэлтэй орчин, эгзэгтэй цагийн байдал гээд хатуу ширүүн бүх нөхцөлд цэрэг хүний зориг тэвчээр, эрдэм чадлыг дайчлан үүрэг, зорилгоо амжилттай биелүүлж чадлаа.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-аас явуулж буй “UNMISS” энхийг дэмжих ажиллагаа нь тус улсад төдийгүй тухайн бүс нутагт тогтвортой байдлыг тогтоох ажиллагаа бөгөөд Монгол Улсын энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд голлох үүрэгтэй оролцож, үүрэг гйүцэтгэл, бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүдээр бусад орнуудын ижил түвшний цэргийн багуудад үлгэр дуурайлал болж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон хүчний командлалаас удаа дараа сайшаагдсаныг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.