Евробүсийн ажилгүйдлийн түвшин 2011 оны эхэн үеэс хойш анх удаа буурчээ. 17 улсыг хамардаг тус бүсийн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 9-р сард 12.2% байсан бол 10-р сард 12.1% болж буурсан гэж Европын Холбооны Статистикийн газар болох Евростат мэдээллээ. Тодруулбал Евробүсийн орнуудад нийтдээ 19 сая орчим хүн ажилгүй байна.
Харин 0.7% хувьтай байсан инфляци 0.9% болж өссөн нь нааштай мэдээлэл болж байна. Учир нь Европын төв банк инфляцийг 2%-иас ялимгүй доогуур хэмжээнд барих зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь эдийн засгийг өсгөхөд тохиромжтой түвшин гэж тус банкны удирдлагууд үзэж байгаа юм.
Сүүлийн үед гарч буй мэдээллүүд Евробүсийн эдийн засаг аажмаар сэргэж байж магадгүйг илтгэж байгаа ч улс орнуудын эдийн засаг хоорондоо эрс ялгаатай байгаа юм. Тухайлбал Испанийн ажилгүйдлийн түвшин 27%, харин Австрийнх 5% байна. Евробүсийн эдийн засгийн өсөлт тааруу байгаа гэхэд болно.
Учир нь энэ бүс нутгийн ДНБ 2-р улиралд 0.3%, 3-р улиралд 0.1%-иар өсчээ. Ямартай ч Европын Комиссийн тооцоогоор Евробүсийн эдийн засаг 2014 онд 1.1%, 2015 онд 1.7%-иар өсөх төлөвтэй байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/