logo
Монгол Улс Зүүн Азийн бүс нутгаас Жендерийн эрх тэгш байдлыг хангасан шалгуураар шагнал хүртлээ

Монгол Улс Зүүн Азийн бүс нутгаас Жендерийн эрх тэгш байдлыг хангасан шалгуураар шагнал хүртлээ

2013/12/02
Анх 1893 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шинэ Зеланд улсад эмэгтэйчүүд үндэсний хэмжээнд санал өгөх эрхтэй болсноос хойш  эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх боломжтой болсон билээ. Үүнээс хойш өдгөө 120 жил өнгөрөөд байна. Ийнхүү эмэгтэйчүүд сонгуульд хүйсийн тэгш байдлаар ялгаваргүйгээр сонгох, сонгогдох эрхээ эдлээд  даруй 120 жил болжээ.

      Ийнхүү 2013 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Бельги улсын нийслэл Брюссель хотноо  Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж  байна.

       Уг дээд хэмжээний чуулга уулзалтад эмэгтэй улс төрчдийн улс орны нийгэм, эдийн засаг, улс түмний найрамдал, энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмэр, тэдгээрийн гүйцэтгэж буй үүргийн  талаар харилцан  ярилцаж, хэлэлцэн халуун яриа өрнүүлцгээж байна.

     Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл оролцож байна. Тэрээр уг чуулганд “Эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ?” сэдвээр хийгдсэн хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

     Парламент дах эмэгтэйчүүдийн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаас жендерийн ялгааг арилгах талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан илтгэлд үндэслэн "Бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт гаргасан" хэмээх төрөлд Зүүн Азийн бүсээс Монгол Улс шалгарсан бөгөөд уг шагналыг Ц. Оюунгэрэл сайдад  гардуулан өглөө.  

          Харин Ойрхи Дорнодын бүсээс тус шагналыг Израйль, Номхон Далайн бүсээс Шинэ Зеланд, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс Филиппин, Африкийн Саб Сахарын бүсээс Лесото, Европ болон Төв Азийн бүсээс Исланд, Өмнөд Америкийн бүсээс Боливи, Европын Холбооноос Финлянд улс тус тус хүртжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш