logo
Тайландад засгийн газрын эсрэг жагсаал ширүүсэв

Тайландад засгийн газрын эсрэг жагсаал ширүүсэв

2013/12/02
Засгийн газраа эсэргүүцэж байгаа Тайландын жагсагчид бүх нийтийн ажил хаялт зарлах удирдагчийнх нь уриалга цацагдсан эсэхийг шалгахаар ням гарагт төрийн мэдлийн телевизүүд рүү дайран оржээ. Жагсагчид түүнчлэн засгийн газрын ордон болон цагдаагийн удирдах байр луу дайрахаар оролдсон ч цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай ус шүршигч машин ашиглан тэднийг зогсоосон байна.

Тайландад энэхүү зөрчил мөргөлдөөний үеэр 4 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтээд байгаа ажээ. Жагсаалд оролцож байгаа Тайландчууд Ийнглак Чиннаватын засгийн газраас огцрохыг шаардаж байгаа бөгөөд хуучин ерөнхий сайд, Йинглакийн ах Таксин Чиннават одоогийн засгийн газрыг удирдаж байна хэмээн буруутгаж байгаа ажээ.

Тайландад өршөөлийн хуулийн төслийг парламентын доод танхим баталсан нь ихээхэн маргаан дагуулж, эсэргүүцлийн жагсаалын эхлэлийг тавьжээ. Уг хуулийг парламентыг дээд танхим батлаагүй хэдий ч энэ нь ерөнхий сайд асан Таксин Чиннаватыг авлигын хэргээр шоронд ял эдлэлгүйгээр эх орондоо эргэж ирэх үүд хаалгыг нээх байсан гэж жагсагчид үзэж байгаа гэнэ. 2006 онд Тайландад цэргийн эргэлт гарч, Таксиныг төрийн эрхнээс зайлуулснаас хойш тус улсад ихээхэн зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсчээ. Өршөөлийн хуулийн төсөл ч улс төрийн зөрчлийг дахин сэдрээсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш