2012 онд Европын Холбооны 28 гишүүн улсын 26-д нь унадаг дугуйны борлуулалт автомашиныхыг давжээ. Энэ нь эдийн засгийн хямралаас үүдэн автомашины эрэлт буурсантай холбоотой гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Унадаг дугуй унах нь Хойд Европын "дугуйчдын нийслэл" гэгддэг Амстердам, Копенхаген төдийгүй бусад хотуудад ч түгээмэл болж байгаа ажээ. Тухайлбал өмнөд Европын орнууд, тэр дундаа Италид өнгөрсөн онд 1.6 сая унадаг дугуй, 1.4 сая автомашин борлогдсон байна. Европын хотуудаас хамгийн сүүлд Италийн Миланд олон нийтэд зориулсан унадаг дугуй түрээслэх үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм. 2011 онд Италид автомашины борлуулалт 1964 оноос хойш байгаагүй хамгийн доод хэмжээндээ хүрч буурсан гэж BBC мэдээлэв. Харин Лондон хотын удирдлагуудын хэлснээр 2011 он хүртэлх 10 жилийн хугацаанд тус хотод нэг өдөрт унадаг дугуйгаар зорчсон иргэдийн тоо 66 хувиар өсч 500 мянгад хүрсэн байна. Гэхдээ өнгөрсөн 11-р сард 14 хоногийн дотор 6 дугуйчин хөдөлгөөнд оролцож яваад амиа алдсан нь Их Британийн нийслэлд дугуйгаар зорчих нь хэр аюулгүй вэ гэсэн асуудлыг дахин хөндөхөд хүргэсэн аж.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/