logo
Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө

Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө

2013/12/06

Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч бөгөөд дэлхий нийтэд хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн улстөр нийгмийн нэрт зүтгэлтэн Нельсон Мандела 2013 оны 12-р сарын 5-ны өдөр таалал төгслөө.

Тэрээр дэлхийн нэрд гарсан улстөрчдөөс хамгийн олон жил шоронд хоригдож, өргөст торны цаана суусан Нобелийн шагналтан, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэгч хүмүүн байлаа.Тэрээр өнгөрсөн 7-р сарын эхээр  бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн эмчилүүлж байсан юм.

Түүний өвчний шалтгаан нь уушигны өвчин нь сэдэрч, бие нь муудсан гэх бөгөөд түүний төлөө нутаг нэгтнүүд ньчин сэтгэлээсээ залбирч байлаа.  Харин Нельсон Манделагийн гэр бүл, найз нөхөд нь түүнийг сэтгэл санааны хувьд чөлөөлж явуулах цаг болсон хэмээн мэдэгдээд байсан. Түүний амьдралын түүхээс товчхон дурьдах нь зөв биз ээ.

Нелсон Мандела нь 1918 онд Мвезо хэмээх жижиг тосгонд төрсөн. Тэрээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд дараа нь ажиллаж байхдаа эчнээгээр хуулийн боловсрол эзэмшиж, хожим нь түүнийгөө өргөжүүлсэн. Махатма Гандийн энх тайвнаар тэмцэх арга барилыг тэрээр үнэлж түүнээс суралцсан, Ганди түүнд нөлөөлсөн гэж үздэг. Хэдийгээр тайван замаар эсэргүүцлээ жагсаал гэх мэт байдлаар илэрхийлж байсан ч тухайн үеийн эрх баригчид үл ойшоон 1956 оны 12 сарын 5-нд түүнийг өөр бусад 150 гаруй хүний хамтаар баричвлан эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн ял тулгасан. 1956 оноос 1961 оныг хүртэл төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн ял тулгасан Treason Trial хэмээн алдаршсан шүүх хурлууд хойно хойноосоо болон 5 жил үргэлжилж эцэст нь тэднийг буруугүй хэмээн цагаатгаснаар өндөрлөсөн.

1961 оны Нельсон Мандела "Үндэстний Жад" хэмээсэн нэртэй Umkhonto we Sizwe хэмээх зэвсэглэсэн хөдөлгөөнийг хамтран байгуулсан. Олон жилийн турш энх тайван замаар үр дүнгүй тэмцсэн байдал, арьс өнгөний үзэлт төрийн зүгээс ирж буй хавчлага, шахалт дарамт улам бүр нэмэгдсэн зэргээс болоод зэвсэгт тэмцэл хийхээс өөр зам байхгүй болсон гэж Мандела хэлж байв. Ийнхүү түүний бүлэглэл янз бүрийн бөмбөгдөлт зэрэг партизаны арга замаар тэмцлээ үргэлжлүүлсэн. ӨАБНУ-аас түүнийг террорист хэмээн өмнө нь тодорхойлж байсан тул 2008 оны 7 сар хүртэл Нельсон Мандела болон түүний бүлэглэлийнхнийг НҮБ-ын байрнаас өөр газарт орж, АНУ-ын нутагт дэвсгэрт нэвтрэхийг нь АНУ хориглосон байв.

Цагдаагийн газраас түүнийг дахин хайхад тэрээр зугтсаар 17 сарын дараа 1962 оны 8 сарын 5-нд тэрбээр дахин баривчлагдсан. Энэ удаад тэрээр эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж, мөн хоёрдугаарт нь ӨАБНУ-ыг гадаадын улсуудад эзлэгдүүлэхийн тулд ажилласан гэсэн 2 ял тулгасан. Эхнийхийг нь Мандела хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь тухайн үед төрийн эсрэг гэмт хэрэг гэж тооцогдож байв. 1964 оны 4 сарын 20-нд болсон шүүх хурлын нээлтэн дээр яагаад зэвсэгт тэмцэл өрнүүлэх болсноо Мандела тайлбарласан байдаг. Тэрээр мөн цааш нь

"Өөрийн амьдралаа би африкын ард түмний тулд зориулсаар ирсэн. Би цагаан арьстнууд хар арьстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэн нь тэгш эрхтэй, бие биенээ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг. Гэхдээ хэрвээ энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд ч бэлэн байна" хэмээн хэлж байв.

1964 оны 6 сарын 12-нд болсон шүүх хурлаас Мандела болон түүний нөхдөд зэвсэг ашигласан үйлдэл хийсэн, 4 удаа зэвсэгт эсэргүүцлийн саботаж хийсэн, ӨАБНУ-руу довтлох зорилгод нь гадаадын улсад тусалсан зэрэг ял тулган цаазаар авах ял өгөлгүй, харин бүх насаар хорих ял оноосон.

Шүүх хурлын дараа Мандела 27 жил шоронд хоригдсон. Үүний 19 жилийг Robben Island-д өнгөрүүлсэн. Шоронд байхдаа тэрээр University of London-д эчнээгээр суралцасан. Түүнийг хэрхэн шоронгоос оргуулах оролдлого хийгээд, шоронгоос оргох үед нь буудаж алахаар төлөвлөж байгаад, уг операцийг зогсоосон талаар ӨАБНУ-ын тагнуулын тусгай ажилтан Gоrdon Winter 1981 онд Inside BOSS гэсэн нэртэй ном болгон хэвлүүлсэн нь Penguin Classic цувралд багтсан байдаг. Дараа үеийн хар арьст тэмцэгчид, идэвхтнүүдийг мөн Robben Island -д хорих болж, үүнийг нь хүмүүс Манделагийн их сургууль гэж нэрлэдэг болсон тул түүнийг 1982 онд Pollsmoor Prison-д шилжүүлсэн.

Манделаг хоригдож байх үед орон нутгийн болон олон улсын зүгээс түүнийг сулла хэмээн шаардаж байв. Манделагийн асуудлаар АНУ, ЗХУ зэрэг улсууд өөр өөрсдийн байр сууриа тухайн үед илэрхийлцгээж байв. Шинээр ерөнхийлөгч болсон Frederik William de Klerk 1990 оны 2 сард түүнийг шоронгоос суллах зарлиг гаргаснаар 2-р сарын 11-нд Мандела шоронгоос суллагдсан.Үүний дараа 1993 онд Нобелийн шагнал авч, 1994 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 1994–1999 онд Ерөнхийлөгчийн албыг хашсан билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш