Монгол Улсын Ерөнxийлөгч Ц.Элбэгдoрж, Монгол Улсын Их Хурлын Дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнxий сайд Н.Алтанxуяг нар танаа
Та бүxний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Дэлxийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл болсон бид Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газрын дарга Б.Пүрэвдoржийн 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Eagle” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцоx үедээ xилийн чинадад амьдарч байгаад эx орондоо эргэн ирэгсэдийн талаар xэлсэн үгийг үзэж, сонсоод итгэж ядлаа.
Тэрээр яриандаа "... 1990 онд улс орны эдийн засаг муу байх үед гадаад орон зорьж, иргэн болж явчихаад одоо улс орны эдийн засаг сайжирч, нийгмийн халамж өгдөг болсон үед Монгол эх орон минь хэмээн ирж буй тэр хүмүүст иргэнээ сэргээхэд нь хүнд суртал үзүүлнэ ...2,3 буцаана..” хэмээжээ.
Энэ Монгол төрийн бодлого мөн үү гэж эрхэм төрийн өндөр албан тушаалтан та бүхнээс бид асууж байна.
Ийн өгүүлснээрээ тэрээр бодит үнэнийг үгүйсгэн гүжирдэж, төрийн тэргүүнийхээ “Олуулаа болцгооё” хэмээсэн уриалгыг үл тоомсорлосон эсхүл үл ойлгосон, ерөөс хууль ёс, хүний эрхийг уландаа гишгэсэн, ярьсан зүйлс нь хоорондоо зөрчилдсөн, энэхүү хариуцлагагүй мэдэгдлээсээ үүдэн гарах хор уршгийг нягтлах төрийн хүний холч хараа огт байхгүй, товчхондоо төрийн албанд, тэр дундаа удирдах албан тушаалд тэнцэхгүй нэгэн болохоо нотолжээ.
90-ээд оны эхээр улс орны эдийн засгийн байдал хүнд байх үед өөрийгөө болон өрх гэрээ тэжээхийн тулд олон Монголчууд гадагш гарсан. Тэдний эх орондоо оруулж байсан хөрөнгө оруулалт нь 2000 оны эхний үеүдэд зөвхөн бүртгэгдсэн мөнгөн дүнгээрээ ДНБ-ний 10 орчим хувьд хүрч байсныг албаны тоо баримт гэрчилнэ. Энэ нь гадаадад гарсан монголчууд чухамхүү тэр бэрх үед улс орныхоо эдийн засгийн нэгээхэн ачааг үүрэлцэж байсны тодорхой нотолгоо. Өдгөө ч энэ мөнгөн дүн буураагүйг статистик мэдээ нотлоно. Түүнчилэн хилийн чинадад суугаа олон монголчуудын өөрсдийн хүчээр өрсөлдөөнт нийгэмд амжилттай ажиллаж, бүтээж, Монгол улсынхаа нэрийн хуудас, шинэ залуу үеийнхээ бахархал, үлгэр дууриал болсоор яваа зэрэг мөнгөөр хэмжигдэх аргагүй, Монгол орны хөгжил дэвшилд оруулж буй үлэмжхэн хувь нэмэр, хичээл зүтгэлийг Монгол төр уландаа гишгэх ёсгүй. Түүний дээрх үнэнийг үгүйсгэж, улмаар Монголчуудыг гадаадад байгаа, үгүйгээр нь ялган гадуурхах үзлийг тунхаглаж, хагалган бутаргаж буй үзэл санаа, үг яриаг огтоос хүлээн зөвшөөрч боломгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олуулаа болцгооё” гэсэн уриалгыг харийн нутагт суугаа элэг нэгт Монголчуудаа юун түрүүн уриалан дуудсан дуудлага хэмээн ойлгож багагүй хэсэг маань ч нутаг буцсан билээ. Гэтэл тэрхүү уриалгыг хэрэгжүүлэх, улсынхаа хилээр ороход угтан авах төрийн албаны дарга нь ийн занаж, тохуурхсан байр суурьтай буйг сонсоход гайхахгүй байхын арга алга.
Монгол Улс Үндсэн хуулиараа тунхагласан “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” байгуулахыг зорьж яваа орон. Ийм нийгмийг байгуулах төрийн алба хуульчлагдан гарсан дүрэм, журмын хүрээнд иргэд, олонд хүмүүнлэгээр үйлчлэх ёстой атал албаны дарга нь хувийн үзэл санаагаа төрийн албаар дамжуулан тулгаж, иргэдийг тохуурхан чирэгдүүлдэгээ илчилж, түүнийгээ би “хүнд суртал” үзүүлнэ хэмээн ярьж суугааг юу гэж ойлгох вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дугаарт “...гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” хэмээн хуульчлагдсан иргэдийн үндсэн эрхийг энэ мэт албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн хязгаарлах, саад тотгор учруулах ямар ч үндэслэлгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой баймаар. Эсхүл Монгол Улсад албан тушаалтны дур зорго хууль ёсноос давуу байх төр, нийгмийн тогтолцоо бүрдсэн юм уу? Ардчиллыг эрхэмлэгч ямар ч улсад энэ мэт алдаатай үг, үйлдэл гаргасан төрийн албан тушаалтанд, тэр ч бүү хэл тэрхүү албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтанд хүртэл хариуцлага тооцох нь энгийн явдал байдаг билээ.
Хувь заяа, хүсэл зоригийнхоо дүнд урт богино хугацаагаар харьд суугаа Монголчууд бид цаг ямагт эх орон, элгэн саднаа хэмээж, ирж буцах Монголчууддаа сэтгэлийн хадаг дэлгэн үйлчилж, Монголоороо бахдаж, Монголынхоо нэрийн хуудас болон явдаг билээ. Гэтэл төрийн агентлагийн дарга нь гадаадад суугаа, эх орондоо очихыг хүсэгч Монголчуудаа гүжирдэн гүтгэж, төрийн хүнд байх ёсгүй, дагаж мөрдөх учиргүй санаа ярин, алагчилан үзэхээ эрээ цээргүй тунхаглаж, бид бүхний сэтгэл зүтгэл рүү ус цацаж буйг огтоос хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Иймээс түүний энэхүү мэдэгдэл нь Монгол төрийн бодлого мөн эсэх тухай хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд та бүхнээс авах, энэхүү болчимгүй үг яриатай, харалган бүдүүлэг үзэл бодолтой төрийн албан хаагчид болоод энэ мэт хүнийг томилон ажиллуулж буй харъяа яамны сайдад зохих хариуцлага тооцох, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо- http://bamca.wordpress.com
Британийн Монголчуудын Холбоо - www.mongolians.co.uk
Нидерланд дахь Монголчуудын "ӨЛЗИЙ" Холбоо - www.ulzii.org
Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо - www.swemon.info
“Цахим Өртөө Холбоо” ТББ - www.tsahimurtuu.mn
Унгар дах Монголчуудын холбоо - www.mongolholboo.com
Герман дахь Мөнх Тэнгэр Нийгэмлэг - facebook.com/munkhtenger.niigemleg
Европ дах Монгол Шагайн Харвааны Холбоо
Британи дахь Монголчуудын Нэгдсэн Холбоо
Бeльгийн Вант Улс дахь Монголын оюутан залуучуудын MonbelStudents холбоо
Ирландийн Монголчуудын холбоо
Bельгийн Монголчуудын "Эв нэгдэл холбоо " -www.evnegde.com
Kaнадын Бритиш Колумбиа дах Монголчуудын Холбоо
Норвеги-Монголын нийгэмлэг
Европ-Монголын нийгэмлэг
Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл ТББ
Берлин дах Монгол Төв - www.mongolei-zentrum.de
Япон дахь монголчуудын холбоо
Энэхүү мэдэгдэлийг хүлээн зөвшөөрч буй Гадаадад үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс өөрсдийн нэрийг нэмэж цахим хуудсууд дээрээ байрлуулж болно