logo

"Туул сонгино усны нөөцийн цогцолбор" барих гүйцэтгэгчтэй концессын гэрээ байгуулна

2013/12/09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар тогтоолын дагуу "Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу боловсруулсан гэрээний төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд “Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийн концессын гэрээг "Морьтимпекс" ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.

Концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр бохир усанд гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэр, усан цэнэгт цахилгаан станц барина. Үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал 200 мянган метр куб бохир усыг хоногт нь цэвэршүүлэх бол станц нь дээрх гүн цэвэршүүлсэн усаар 100 МВт  цахилгаан үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ.

Концессын гэрээг барих, өмчлөх, ашиглах нөхцлөөр хэрэгжүүлнэ. Гэрээний хугацаа 23 жил, эхний 3 жилд барилгын ажлыг дуусгаж, үлдсэн 20 жилд цогцолборыг өмчлөн ашиглана. Төслийн хөрөнгө оруулалтад төрийн зүгээс төсвийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, харин үйлдвэрлэсэн цахилгааныг худалдаж авах үүрэг хүлээх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш