logo
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг 3 жилийн дотор барина

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг 3 жилийн дотор барина

2013/12/09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын 2013 оны 99 дүгээр тогтоолоор баталсан "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн концессын гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хурдны авто замын трасс, нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлахыг Эдийн засгийн хөгжил, Барилга хот, байгуулалт, Зам, тээвэр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарт даалгалаа. Мөн "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн авто замын трассын дагуу концесс эзэмшигчид газар олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Концессын гэрээг "Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам" ХХК-тай байгуулахаар тогтсон байна. Тус компани хурдны замыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр өөрийн хөрөнгөөр барина. Авто замын барилгын ажлыг 3 жилийн дотор гүйцэтгэж, гэрээний дагуу 30 жилийн хугацаанд ашиглаад улсад хүлээлгэж өгнө.

Концесс эзэмшигч нь гэрээ байгуулагдсанаас хойш 9 сарын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө холбогдох яамдаар батлуулж, санхүүжилтийн гэрээ байгуулах юм. Төслийн эхний ээлжийн нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулж, бусад дагалдах гэрээ байгуулсны дараа концессын гэрээ хүчин төгөлдөр болно. Авто замын трассын дагуух газрыг чөлөөлж өгөх ажлыг Засгийн газар хариуцах, харин үүнтэй холбогдон гарах зардлыг концесс эзэмшигч төлөх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш