logo
Prelude хөлөг дэлхийн хамгийн том усан онгоц болно

Prelude хөлөг дэлхийн хамгийн том усан онгоц болно

2013/12/09

Хэмжээгээрээ Нью-Йоркийн алдарт "Empire State" барилгаас урт хөлгийг анх удаа далайд гаргажээ. Shell компанийн Prelude хөлгийн их биеийг Өмнөд Солонгосын нэгэн боомтын усанд тавьсан байна. Бүрэн угсарч дууссаны дараа энэ нь 600 мянга гаруй тонн жинтэй, дэлхийн хамгийн том хөвөгч байгууламж болох ажээ.

Гэхдээ энгийн хөлөг онгоцуудын адил өөрийн хөдөлгүүрийн хүчээр явдаггүй, аваачих газарт нь чирж хүргэдэг учраас үүнийг шууд хөлөг онгоц гэж тодорхойлж болохгүй юм байна. Shell компаниас мэдээлснээр Prelude –ийг 2017 оноос эхлэн байгалийн хийн олборлолтод ашиглах бөгөөд Австралийн баруун хойд эргийн ойролцоо 25 жилийн турш ажиллагаатай байх гэнэ.

Энэ хэсэгт жил бүрийн 11-ээс 4-р сарын хооронд хар салхины улирал үргэлжилдэг байна. Гэхдээ тус хөлгийг энэ мэт байгалийн аюулыг тэсвэрлэх боломжтойs байдлаар бүтээжээ. Энэхүү аварга байгууламж Хонгконг шиг хотыг эрчим хүчээр хангахад хүрэлцэхүйц хэмжээний байгалийн хий олборлох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Shell компаниас Prelude хөлөг ямар үнэд хүрэх талаар мэдээлэл өгөөгүй ч шинжээчдийн үзэж байгаагаар 10.8–12.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж магадгүй ажээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш