logo
Д.Оюунхорол: Бүлгийн даргын хүсэлтийг Удирдах зөвлөл хэлэлцэж шийдвэрлэнэ

Д.Оюунхорол: Бүлгийн даргын хүсэлтийг Удирдах зөвлөл хэлэлцэж шийдвэрлэнэ

2013/12/09

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.12.09/ хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төслийг хэлэлцлээ. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд санал дүгнэлт гаргах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, А.Тлейхан, С.Бямбацогт нар ажиллахаар болов. Бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Энэ хуулийг иргэд их хүсэн хүлээж байгаа. Хотын иргэдтэй холбоотой асуудал хөндөгдөх учраас бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг асуудлыг судалж, бүлэгт танилцуулах юм" гэж хэллээ.

Хоёрдугаарт, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулиудын төсөлтэй уялдуулан МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар ажиллахаар болсон байна. Ажлын хэсэг хяналтын байгууллагын үүрэг, бүтэц, ажил үүргийн хуваарилалт ямар байх талаар санал дүгнэлтээ гаргах юм.

Хилийн боомтын тухай хуулийн төслийг орон тоо болон бусад тооцоо судалгаа бэлэн болсны дараа хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Бүлгийн хувьд энэ хуультай холбоотойгоор мэргэжлийн хяналт, гаалт, хилийн цэргийн хооронд их хэмжээний хөрөнгө шилжих учраас хөрөнгийн тооцоо судалгааг УИХ-д танилцуулсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Лхагва гаригт Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг хэлэлцэнэ. Уг асуудлыг байнгын хороо хэлэлцсэний дараа МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлэхээр боллоо. Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өнөөдөр ажлаа өгсөн байна. Ямар учраас ийм шийдвэр гаргасан юм бол?

-МАН-ын бүлгийн дарга өөрийн хүсэлтээр бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ асуудлыг намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Хэзээ Удирдах зөвлөл хуралдах вэ?

-Энэ долоо хоногт хуралдана.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш