logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2013/12/09

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтэллээ.

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг нийтлэв. Түүгээр Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээ, Төсвийн тогтворжуулалтын санд 2014 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ зэргийг тус тус баталсаны зэрэгцээ төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт тодорхой ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосныг энэ хуулиас мэдэж болно.

Үүнээс гадна тус хуулиар төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээ зэргийг баталсан байна.

Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт болон Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар тус тус баталжээ.

Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиар, Хүний хөгжил сангийн төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 549,780.0 сая төгрөгөөр, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 312,064.2 сая төгрөгөөр баталжээ.

Мөн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсны зэрэгцээ тэдэнд ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосныг энэ хуулиас танилцаж болно.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ хуулиар Нийгмийн даатгалын санд 2014 оны төсвийн жилд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээ болон тэдэнд ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосныг энэ хуулиас мэдэх боломжтой.

Хуулиар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

 

УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш