Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн 30 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор 12 сарын 08-наас 13-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Вашингтон хотноо болсон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу “IRI”-ийн 30 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор уригдлаа. Хурлын хүндэт зочноор уригдсан Э.Бат-Үүл улс төрийн нам сонгуульд ялахын тулд ард түмэнтэйгээ ойр байж, улс төрийн амжилт орон нутгаас эхэлдэг болохыг онцолсон юм. Мөн тус хүрээлэнгээс Монгол улсад ардчиллыг хөгжүүлэхэд сүүлийн 20 гаруй жил дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Словак улсын Ардчилсан хөдөлгөөний удирдагч, Ерөнхий сайд асан Микулас Зуринда хүндэт зочноор уригдаж Словакийн ардчилсан хувьсгалыг манлайлж оролцсон талаараа танилцуулсан юм. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн 1983 онд анх байгуулагдаж, өдгөө дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус хүрээлэн Монгол улсад 1992 оноос хойш ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ардчилалын боловсрол олгох, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр сургалт, хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж байсан юм. Хотын дарга энэ өдрүүдэд Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гэршмантай уулзаж, Монгол Улсын Засаглалын хөгжлийн асуудлаар “Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах нь” сэдэвт хуралд илтгэгчээр оролцоно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.