Монголын нийгэмд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдал, том, гашуун түүх болох улс төрийн хэлмэгдүүлэлтийг монголын ард түмэн хэзээ ч мартах ёсгүй. Түүнийг давтахгүйн төлөө бид бүхэн ажиллах ёстой юм гэж Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог онцлон тэмдэглэв.
Тэрээр Хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийнхэнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд идэвх зүтгэл гаргасан зарим хүмүүст өнөөдөр шагнал гардуулах үеэр энэ үгийг хэлсэн юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хүндэт жуух болон хүндэт үнэмлэхээр нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар, Дархан-уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-эрдэнэ, Монголын хэлмэгдэгсдийн холбооны дэд тэргүүн Ж.Баасандаш, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгалын асуудал хариуцсан прокурор Д.Эрдэнэчимэг нарын зэрэг хүмүүст шагнал олгов.