Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдаж, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай, Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р. Бурмаагаас өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д. Ганбатаас өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Нэгт. Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Р. Амаржаргалаас Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Энэ хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хоёрт. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Д. Тэрбишдагва танилцуулав. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Хэлэлцэх эсэх асуудлаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Гуравт. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцуулав. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дөрөвт. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав. Хууль санаачлагч уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Тавд. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас өргөн мэдүүлсэн/ хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржоор ахлуулан байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.
Зургаад. Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгээр ахлуулан байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.