logo

"Зүггүйтсэн" Барак Обама шүүмжлэлд өртөв

2013/12/12

Нельсон Мандела агсны дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохоор дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн Өмнөд Африкийн Йохансбургт цугласан билээ. Тэдний дундаас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн FNB цэнгэлдэхэд болсон арга хэмжээнд оролцох үеэрээ хийсэн үйлдэл багагүй шүүмжлэлд өртсөн байна. Учир нь Обама болон Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон, Данийн засгийн газрын тэргүүн Хелле Торнинг Шмитт нар гар утсаараа өөрсдийнхөө зургийг авчээ.

Тэд энэ үеэр инээж хөгжилдөж байгаа нь гярхай зурагчдын хараанаас мултарсангүй. Энэ нь төрийн тэргүүний хувьд хүмүүс гашуудаж буй үед гаргаж боломгүй зохисгүй үйлдэл гэж зарим хүн шүүмжилсэн байна. Гэхдээ Обама цэнгэлдэхэд орж ирснийхээ дараа Кубын ерөнхийлөгч Раул Кастротой гар барьсан нь олон арван жилийн турш таарамжгүй харилцаатай байсаар ирсэн Америк, Кубын удирдагчдын хувьд тун өвөрмөц тохиолдол болов. Дашрамд дурдахад хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мандела агсныг эцсийн замд нь үдэх ёслол энэ сарын 15-нд болох юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш