Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Гранд Чингис хаан” гольфийн тэмцээнийг Гургаон хотын “Golden Green” гольфийн талбай дээр амжилттай зохион байгуулж, Их эзэн Чингис хаан болон Монгол Улсаа Энэтхэг болон бусад орны төлөөлөлд сурталчилсан арга хэмжээ болов.
Тус тэмцээнд Энэтхэгийн төрийн зарим томоохон албан тушаалтан, Дели дахь ДТГ-уудын тэргүүн, дипломатууд, Air India, Air France, Nestle, Volvo гэх мэт томоохон компаниудын удирдлага, Энэтхэгийн бизнес, банк санхүүгийн байгууллагын нийт 100 орчим тамирчин оролцов.
Тэмцээний дүнгээр 15 төрлийн номинацаар шагнал гардуулсан бөгөөд шилжин явах цомын эзнээр “Scruples Clothing Limited” компаний захирал Умеш Дүбей тодров. Тэмцээний цом нь Монгол цэргийн дуулга бөгөөд Холливуудын алдартай “300” киноны өмсгөлийг хийсэн компаниаар хийлгүүлсэн юм.
Тэмцээний маргааш нь зохион байгуулсан Монгол Улсын өдөрлөг, гольфийн тэмцээний шагнал гардуулах хүлээн авалтын үеэр хүрэлцэн ирсэн зочдыг монгол хоолоор дайлж, монголын үндэсний дуу, бүжиг оролцсон урлагийн тоглолт болов.