Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг аймгийн ИТХ-ын долоо дахь хуралдаан огцруулсныг Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжлав. Үүнтэй зэрэгцээд “Боловсрол мэдлэгтэй, хүсэл тэмүүлэлтэй залууг ажил хийлгэлгүй унагалаа” гэхчилэн ойр тойрны нь цөөн хүн цахим хуудсандаа мессеж шидэж амжлаа. Бодит байдал хэрхсэнийг үнэнээр нь өгүүлье.
Нийслэлд энэ тэрхэн хийж явсан С.Сүхбаатарыг аймгийн өмнөх Засаг дарга Д.Чандмань орлогчоороо дэвшүүлэн авчирсан нь 2010 оны эхэн сар. Нүдээрээ инээсэн жаахан бор хүү элдэв ажлын хэсэг, комисс толгойлон Засаг даргын хий гэснийг хийж гавьтай бүтээсэн, өөрийн нэр хаягтай ажилгүй явсаар 2012 оны сонгуультай золгох нь тэр.
УИХ-ын сонгуульд МАН-ын нэр дэвшигч унасан нь шалтаг болж аймгийн МАН-ын даргын суудлыг Д.Чандманиас салгаж С.Сүхбаатар оронд нь суув. Ингэхдээ бүтэн хагас жилийн өмнө НАМЗ ч билүү, намын залуучуудын байгууллагын даргын ажлыг Америкт суралцахаар явахын өмнө аван “Алтан сарнай” ёолк дээр тэврэлдэж байсан С.Буджавтайгаа намын даргын суудалд өрсөлдсөн юм.
Энэ хурлын санал хураалт будлиантай, элдэв хор найрсан гэж яригдсан ч төдхөн намдсан. Харин хурал цуглаан болоход толгой дохин зуурмэглэж суудаг нөгөө бор хүү албан тушаалын ганц нэг шат ахингуут төрөл арилжаа юү гэмээр хямсгар, дээрэнгүй дүрд хувилан нутгийн удирдлагын ордны төв хаалгаар ч орж гарах нь цөөрч /Тамгын газар болон албан өрөө нь араадаа гарах хаалгатай/ иргэд болон хамт ажиллагсдаасаа нүүр буруулах болсонд хүмүүс гайхах болсон.
Орон нутгийн сонгуулийн дүн гарахад ИТХ-ын 35 суудлын 19-ийг МАН, 15-ыг АН, нэгийг МҮАН авсан дүн гарсан ч МАН-ын дөрвөн нэр дэвшигчийн тойрогт гарсан маргаанаас үүдэн аймгийн сонгуулийн хороо сонгогдсонд тооцон түр үнэмлэх олгохоостатгалзахад С.Сүхбаатар аймгийн телевизээр мэдэгдэл хийн маргааш нь болох сүрт жагсаалд иргэдийг оролцохыг уриаллаа.
С.Сүхбаатар мэдэгдэлдээ “Элбэгдоржийн шударга шүүх нэг намд үйлчиллээ”, “Алтанхуягийн Засгийн газар Монголын төрийг самарч байна” гэхчилэн дүвчигнэсэн ч маргааш нь Мандалговийн төв талбайд сүрт жагсаал болсонгүй, Ахмадын хорооны дарга, зарим нэр дэвшигчийн эх эцэг гэхчилэн хориод хүнээс өөр хэн ч ирсэнгүй.
Сонгуулийн хороо өмнөх тогтоолоо албажаагүй гэж мэдэгдэн дөрвөн нэр дэвшигч ч түр үнэмлэх олгох жагсаалтаас хасагдаагүй билээ. Ингээд аймгийн ИТХ хэдэн удаа хуралдахад С.Сүхбаатар хоёр ч удаагийн санал хураалтаар өрсөлдөгчтэй тэнцэн дахин дахин хуралдсаны эцэст нэг саналаар ялж нэр нь Ерөнхий сайдад өргөн баригдав.
С.Сүхбаатар өөрийгөө Засаг даргаар батламжлуулахын тулд ёстой л “Эр хүний 13 мэх” угсруулан хийж гүйсээр байв. Ингэхдээ Ардчилсан намтай зохицоно гэхээр өөртэй нь өрсөлдөж байгаа С.Од-Эрдэнэтэй үг хэлээ олохыг бодсонгүй. Харин АН-аас хэн нэг нөлөө бүхий гишүүн С.Сүхбаатарт хэрэгтэй байлаа.
Түүнийгээ ч олж. Ингэхдээ хэрвээ би Засаг даргаар томилогдвол АН-д орлогчоо, Тамгын газрын даргаа, хууль зүйн болон Нийгмийн бодлогын хэлтсийн даргаа, бүх агентлагийн даргын тэн хагасыг өгч одоо танай намаас нэр дэвшээд батламжлагдаагүй сумдын Засаг даргыг батламжлах болно гэж тохирсны маргааш Засаг даргаар батламжлагдсан Захирамжаа гардсан.
Бүр зарим эх сурвалжийн сонссоноор АН-тай хамтарч тогтвортой ажиллахын тулд ИТХ-ын даргыг АН-аас тавих хувилбар байж болохыг үгүйсгээгүй гэсэн мэдээ бий. Нэгэнт өөрийн нь намаас нэр дэвшин сонгогдоод ажлаа хийж байгаа ИТХ-ын даргыг бас золиослох нь л дээ/ Эндээс юү харагдаж байна вэ гэхээр өөрөө Засаг дарга болж л байвал өөрийн нь намын олон хүний эрх ашиг огт хамаагүй гэсэн ойлголтоор ханджээ.
Харин нэгэнт хоёр намын хооронд албан ёсны зөвшилцөл хийгээгүй, дээрх амлалтуудыг алба ажил, албан тушаал хүлээсэн МАН-ын нөхөд нь зөвшөөрөх аргагүйгээс нэгээс бусад нь хэрэгжсэнгүй. Харин тэр амлалтуудаа өөрийн суудлаасаа ховхрохгүй байх арга хэрэгсэл болгож ирснийг хойно өгүүлнэ.
Сүхбаатарыг Засаг даргад нэр дэвшсэн хуралдааны дараа МАН-ын тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Дэжид, Н.Мэндсайхан нар МАН-аас гарч байгаагаа мэдэгдэн өргөдлөө өгсөн, сонгуулийн дараа АН-аас сонгогдсон нэг төлөөлөгч хорвоогийн мөнх бусыг үзсэн нь ИТХ дахь хүчний харьцааг өөрчилсөн юм.
Ингээд МАН 17, АН 14+2, МҮАН 1 суудалтайгаар хэрэг дээрээ хүчний харьцаа 17:17 болсноор тус аймагт ямарч асуудлыг улс төрийн зөвшилцлийн замаар шийдэхээс өөр арга үлдээгүй. Гэтэл С.Сүхбаатарт АН-тай зөвшилцөх хүсэл зориг байсангүй. Хүчний харьцааг Адаацаг суманд болох нөхөн сонгууль л хагалах байлаа.
Дөрөвдүгээр сарын дундуур явагдсан нөхөн сонгуульд АН-ын нэр дэвшигч Ч.Уранчимэг ялалт байгуулан сонгогдсонд тооцогдон түр үнэмлэхээ авсан ч МАН энэ ялагдалд тахимаа өгөлгүй өнөө хүрсэн юм. Энэ хугацаанд Ч.Уранчимэгийн ялалт гурван шатны шүүхээр баталгаажснаар хүссэн ч, эс хүссэн ч Дундговьд МАН цөөнх болсон.
Энэ хооронд С.Сүхбаатарыг огцруулахаар ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс илүү нь гарын үсэг зурсан шаардах бичиг ИТХ-ын даргад гурван удаа өргөн баригдсан ч нэгийг ч хуулийн хугацаанд хэлэлцэлгүй 11 дүгээр сарын сүүлч хүргэсэн юм. Энэ хүртэл ИТХ-ын товлон зарлагдсан хэд хэдэн хуралдаан МАН-ын бүлгийн элдэв баашаар цуцлагдаж Засаг даргын мөрийн хөтөлбөр батлагдалгүй он дуусахад хүрч байлаа.
Долдугаар сарын 13-нд буюу наадмын маргааш товлогдсон ИТХ-ын хуралдаанд нэгэнт цөөнх болсон МАН ялагдаж С.Сүхбаатар огцорч болзошгүй байлаа. Маргааш эхлэх наадмын соёл урлаг, сурталчилгааны ажлын хэсгийг ахалж байсан Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Дулмааг гэнэт халж АН-ын нэг гишүүний санал болгосон хүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь үргэлжилсэн амралтын олон хоногийн маргааш болох хурал дээр АН-аас нэг ч болов санал өөртөө зулгаах Сүхбаатарын бодлого байж.
Тэр хуралдаан ч болсонгүй 20 хүртэл хойшлов. 20-ны хуралдаанд МАН 17 гишүүнтэй /50+1 хүрээгүй/ дангаар орж МАН-аас гарсан Н.Мэндсайханыг эргүүлэн татаж жагсаалтын дараагийн хүн болох Иш-Ёндонг төлөөлөгчөөр “батлав”. Мөн Засаг даргын мөрийн хөтөлбөрөө ч гар өргөн “Батласан” юм байх. Нэгэнт хуулинд заасан ирц хүрээгүй энэ хуралдааны тогтоолыг ИТХ-ын дарга С.Буджав ёсчилсонгүй.
Энэ хуралдаан хүчингүйд тооцогдсоны дараа С.Сүхбаатар шинээр томилсон хэлтсийн даргаа халж явуулан Д.Дулмааг эргүүлэн ажилд нь томилсон захирамж гаргав. Өөрөө албан тушаалдаа тогтохын тулд хэн нэгнийг албан тушаалд томилно гэдэг нэг талаар авлига өгсөн хэрэг, үүнийхээ шанд нэг санал авч суудалдаа хэд хоног ч болов тогтоно гэдэг авлига авсан ч хэрэг болно. Энд дүрсээ хувилгасан авлига яваад байгаа юм биш үү.
Эрдэнэдалай сумын Засаг даргаар хоёр ч удаагийн хурал дээр олонхийн санал авсан Б.Лхагвамандалыг ямар ч шалтгаангүй батламжлахгүйгээр бүтэн жил хүлээлгэлээ. Б.Лхагвамандал АН-аас нэр дэвшсэн нь батламжлахгүй байх гол шалтгаан биш, харин одоо Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Г.Батжаргал аймгийн ИТХ-д МАН-аас сууж байгаа төлөөлөгч гэдэгт хамаг учир байгаа нь харагддаг.
Б.Лхагвамандалыг томилчихвол Г.Батжаргал тэр том сумыг Засаглахгүй болсны буруутан нь Сүхбаатар болно. Ингэхлээр Г.Батжаргалыг өөрийнхөө талд баттай санал өгүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгчээр нь хадгалах сонирхол С.Сүхбаатарт байгаа нь тодорхой. Бас л нэг дүрсээ хувилгасан авлига. Аль эрт сонгон шалгаруулалт нь явагдсан Боловсролын газрын даргыг мөн л сая хуралдсан ИТХ-ын хуралдааны урд өдөр томилсон.
С.Сүхбаатар саяны хуралдааны санал хураалтын өмнө “Санал өгөх үү” “Өгөхгүй бол ажил чинь яригдана” гэсэн мессежийг бусад төлөөлөгчөөр орлогч Ш.Энхбатын гар утсанд ирүүлсээр байгаад нэгэнт огцронгуутаа намын сахилгад захирагдан АН-ын бүлгийнхээ бодлогыг дагасан түүнийг чөлөөлсөн захирамж гаргасан.
Тэр ч бүү хэл аймгийн удирдлагад гучин жил ажилласан Л.Цэвээнравданг тэр дороо халж ямар ч хүндэтгэлгүйгээр явуулсан, бүтэн жил хамт ажилласан орлогчдоо урмын үг хэлэх нь бүү хэл нүүрийг ч харахгүй яваа С.Сүхбаатарын араншинг юу гэж үзэлтэй вэ. Өөрийг нь Улаанбаатараас орлогчоороо дэвшүүлэн авчирсан Д.Чандманиас МАН-ын даргын албыг авч, Засаг даргад нэр дэвших ч эрхгүй орхиж, өөрийн нь уул уурхайн компаниас авсан 25 сая төгрөгийн хандив нэртэй авлига гарын үсэг шинжилгээгээр батлагдчихсан атал Д.Чандмань хэргийг үүрэн “Бүгд найрамдах” уншуулж байхад сэтгэл өвдөхгүй, албан тушаалаасаа татгалзах иргэний зориггүй байна гэдэг бол “Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдах”-ын үлгэр гэлтэй. С.Сүхбаатарын энэ бусармаг, хүн чанаргүй үйлдлийг миний бие арай өөр нэг үлгэртэй жишин мэдээллийн news.mn сайтад бичснийг цагдаад өгч шалгуулсан удаатай. Өөрөө Засаг даргын суудалд суухын тулд юу ч амлаж чадах, өөртөө санал өгөөгүй л бол хэнийг ч золиослох агаад энэ бүхэндээ ямар ч хуулийг уландаа гишгэдэг нь дээрх бүх үйлдлээс харагдана.
Засгийн газраас гадаад томилолтыг хязгаарлаад байхад энэ 11 дүгээр сард Хятадын Шаньдун мужийн Чиндао хот руу МСҮТ, коллежийн хооронд гэрээ байгуулахаар зорчих бүрэлдүүнд энэ ажилд огт хамааралгүй эхнэрээ дагуулж явсан, элдэв тендрийг олгохдоо аймгийн ИТХ-д суугаа намын нөхөддөө илт давамгай байдал олгон өөрийн суудлаа бөхөлдөг, төрийн албан хаагчдын эрх чөлөөнд халдан өрөөндөө дуудан зодож танхайрсан, архидан согтуурсан үедээ биеэ авч явах чадвараа алдан ёс бус үйлдэл гаргадаг, хамаатан садан, ах дүүсийн хүрээллээр алба ажил явуулах сонирхол давамгайлдаг,
Хууль зүйн доктор гэдэг ч намын болон өөрийн холбогдолтой олон асуудлаар шүүхэд хандах болгондоо ялагдах хэмжээний хууль эрхийн мэдлэгтэй С.Сүхбаатар гэж ийм л хүн Засаг даргын суудлаас огцорсон юм шүү гэдгийг илчлэх нь зүйтэй байхаа. С.Сүхбаатарын ажлыг ИТХ дээр өөрийг нь огцруулсны дараа халсан орлогчийнхоо оронд томилсон ойрын садан П.Цолмонбаатарт, бас эхнэрийнх нь хамаатан О.Чулуунбатын даргалсан комисс хүлээлцүүллээ.
С.ПҮРЭВСҮРЭН /Дундговь/