Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Сан хөмрөгийн департаментын террорист үйлдлийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан Дэд сайд Даниел Глэйзерийг 2013 оны 12 дугаар сарын 12-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр тал санхүүгийн гэмт хэрэгтэй хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд тэмцэхийн чухлыг тэмдэглэж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.
АНУ нь санхүүгийн гэмт хэрэг тэр дундаа мөнгө угаах үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тууштай тэмцэж ирсэн бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйг Даниел Глэйзер онцлон мэдэгдэв.
Сан хөмрөгийн дэд сайд Монгол Улсын Хууль зүйн сайд болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Монголын арилжааны банкны удирдлагуудтай мөн уулзалт хийв.