Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Люксембургийн Их Гүн Хенрид бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
Элчин сайд Х.Даваадорж Их Гүн Хенрид Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг дэвшүүлж, люксембургийн найрсаг ард түмэнд хөгжил дэвшил хүссэнийг уламжилсныг хүндэтгэлтэйгээр хүлээн авч хариу мэндчилж буйгаа уламжлахыг хүссэн байна.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Их Гүн Хенри Элчин сайд Х.Даваадоржийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Их Гүн Хенри Монгол Улсын өнөөгийн байдал, хоёр хөрштэйгөө тогтоосон харилцааны талаар сонирхон асуусанд Элчин сайд Х.Даваадорж тодорхой хариулсны дээр манай улс Люксембургийн нэгэн адил далайд гарцгүйг онцолж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулан ажиллаж байгаа тухай танилцуулан энэ чиглэлээр Люксембург улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбарын өгөөжийг оновчтой ашиглан хуваарилах, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцээ хөгжүүлэх зорилтуудыг танилцуулж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Люксембургийн тэргүүний туршлагаас судалж нэвтрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэн хэлсэн байна.