Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн салбарын нийт ажилтан, ажиллагсдад Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч, хөгжсөний 25 жил, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Ардчиллын эхний он жилүүдэд ард иргэддээ хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнэ, энэ нийгмийн үнэт зүйлийг тайлбарлан таниулж, үзэл бодол, итгэл үнэмшлийг нь төлөвшүүлэхэд чөлөөт сэтгүүл зүй онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
70 жил хэвшиж тогтсон нийгмийн байгууламжаас чөлөөт, ардчилсан нийгэмд эргэлт буцалтгүй шилжих түүхийн энэ агуу их үйлсийг бүтээхэд сэтгүүлчид та бүхэн манлайлж оролцсоныг Монголын төр үеийн үед үнэлж, бахархаж байдгийг тэмдэглэхэд таатай байна.
Дөрөв дэх засаглалын хувьд хэвлэл мэдээллийн салбар манай нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн хүчирхэг зэвсэг байсаар ирсэн. Нийгмийг эрүүлжүүлэх, шударга бус бүхнээс хамгаалах, ирээдүйдээ итгэх иргэдийн итгэл, урмыг сэргээхэд та бүхний оролцоо, санаачилга цаашид ч ус агаар мэт хэрэгтэй байх болно.
Сэтгүүлчдийн олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл үнэ цэнэтэй, бодит, түргэн шуурхай, нийгэмд хэрэгтэй байх нь туйлаас чухал бөгөөд та бүхнийг явцуу бүлгийн эрх ашгаас ангид байх зарчмыг баримталж, чин шударгаар ажиллана гэдэгт итгэж байна.
Та бүхний үг тань цэцэн, бодол тань мэргэн, хараа тань хурц байх болтугай.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Зандаахүүгийн ЭНХБОЛД
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр