logo
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баяраар хүчит 128 бөх барилдана

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баяраар хүчит 128 бөх барилдана

2013/12/17

Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Эртний түүхт монгол түмний эв эеэ хичээн байж олсон тусгаар тогтнол хөгжил цэцэглэлд хөтөлж хүн төрөлхтний түүхийн буурал хуудсыг зузаалсаар 102 онтой золгож байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн түүхт ойг зон олноороо өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тэгш дүүрэн ойг тэмдэглээд өнгөрөх бус жил бүр санан сэрж, тусгаар тогтнолын үнэ цэнийг бүх нийтээр бахархан тэмдэглэж, эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон юм.

Үүний нэг нь улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн барилдааныг жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж хэвшлээ.Тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан, шилдэг бөхчүүдийн шижигнэсэн барилдаанд түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулна.

Өнгөрсөн жилийн уг барилдаанд Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Монгол Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байлаа. Бөх сонирхогч, үзэгч олны хүсэн хүлээдэг барилдаан уламжлал ёсоор 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш