logo
Европын хамгийн залуу гадаад хэргийн сайд ажлаа хүлээж авлаа

Европын хамгийн залуу гадаад хэргийн сайд ажлаа хүлээж авлаа

2013/12/18

Австрийн шинэ эвслийн засгийн газар байгуулагдаж, Европын хамгийн залуу гадаад хэргийн сайд ажлаа хүлээж авлаа. Тус улсын ерөнхийлөгч Хайнц Фишер 12 сайдын томилгоог баталсан бөгөөд тэдний нэг нь 27 настай Себастиан Курз болж байна. Социал Демократ нам болон консерватив үзэл баримтлалтай Ардын Намаас бүрдсэн эвсэл 9-р сард болсон парламентын сонгуульд ялалт байгуулаад байжээ.

Ардын Намын нэр хүнд нь өсч буй улс төрчдийн нэгд тооцогдож буй Курз өмнө нь сургуульд ажиллаж байхдаа болон Исламын цагаачидтай холбоотой ажил хийх явцдаа олны дунд нэр хүндтэй нэгэн болсон аж. Тодруулбал тэрээр цагаачдын хүүхдүүдийг сургуульд орохоос өмнө тэдэнд Герман хэл сургах замаар тэднийг Австрийн нийгэмд нэгтгэх бодлого баримталжээ. Үүнээс гадна тэрээр Исламын шашны удирдагчдад хэл үнэгүй заах хөтөлбөрийг эхлүүлсэн байна.

Залуудаа төр засгийн өндөр албан тушаалд томилогдсон хүмүүсийг дурдвал,  2011 оны 12р сард 28 настай Ким Чен Ун БНАСАУ-ын удирдагчаар сонгодсон юм. Гэхдээ тэрээр яг хэдэн настай нь одоо ч тодорхойгүй хэвээр байгаа билээ. Үүнээс гадна Рузевельт Скеррит 2004 онд Доминикийн ерөнхий сайд болох үедээ 32 настай байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш