Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулсан юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг... эрхэлсэн ажил...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...” гэснийг зөрчсөн хэмээн иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандсан аж. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчилах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж зааснаас үзэхэд тодорхой ажил, албан тушаал, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хуулиар зарим хязгаарлалт, нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор байна.
Өмгөөлөгчийн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” хэмээн зааж хязгаарлалт тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй, Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Цэц маргаж байгаа асуудал Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй хэмээн заасан байдаг юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.