Сэдэв: Хөдөлмөр эрхлэлт-2013
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “өрсөлдөх чадвар бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд өөрийгөө тэтгэх, үндсэн хэрэгцээгээ тогтвортой хангахуйц хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, тэдний орлогыг амьдрал ахуйд нь хүрэлцэхүйц болгон нэмэгдүүлэх” зорилт тавьсан.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг өргөжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий 3 суурь зарчмын хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар 150000-аас доошгүй байнгын ажлын байр шинээр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Нэг. Ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр
Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний ур чадвар тэнцвэргүй, ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн ажиллах хүч дутагдалтай байна.
Иймд ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн сургалтыг ажил олгогч, үйлвэрлэгчдийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн “Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоо”-нд шилжүүлэх, сургалтын агуулга, стандарт, хөтөлбөрийг боловсронгуй болгох, суралцагчийн ур чадварыг үнэлж, баталгаажуулахад ажил олгогчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сургалтын хугацааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн уян хатан болгох зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, 2012-2013 оны хичээлийн жилд эрэлтэд суурилсан элсэлт зохион байгуулснаар нийт элсэгчдийн дунд барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, мэдээллийн технологи зэрэг мэргэжлийн чиглэлээр элсэгчдийн эзлэх хувь 69% болж, өмнөх жилийнхээс 7.7 пунктээр ахисан байна.
Нийт элсэгчдийн дотор насанд хүрэгчдийн эзлэх хувь 31.5 болж, өмнөх жилийнхээс 9.6 хувиар өссөний зэрэгцээ тэдний 70 орчим хувь нь ажил олгогчийн захиалгаар элссэн.
Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Политехник коллежиуд 2 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж, 23.4 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 57 хувь нь ажлын байртай, 16 хувь нь дээд шатны сургуульд элсэн суралцсан байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Оюу толгой” компаний санхүүжилтээр 7 мянга орчим мэргэжилтэй ажилтныг ажил олгогчийн захиалга-гэрээний үндсэн дээр 5 сарын хугацаагаар сургав. Нийт бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтны 80 гаруй хувь нь гэрээт байгууллагадаа байнгын ажлын байранд ажиллаж байна.
Хоёр. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг үйлдвэржилт, бүтээн байгуулалттай уялдуулах, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, ажиллах хүчний оролцоог боломжит түвшинд хүргэх, салбар дундын уялдаа, холбоог сайжруулах замаар 150.000-аас доошгүй байнгын ажлын байр бий болгохоор “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийг идэвхижүүлэх, ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх, ажил олоход хүндрэлтэй, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар сул байгаа хэсэг бүлгийг дэмжин ажиллах, хөдөлмөрлөх, орлого бий болгох үйл ажиллагаанд идэвхитэй оролцох хөшүүргийг бий болгох зорилгоор “Ажил олгогчийг дэмжих”, “Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх дэмжлэг” “Хөдөлмөрт бэлтгэх”, “Мэргэжлийн ур чадварын сургалт зохион байгуулах”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Эзэнтэй Монгол” зэрэг 8 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
Тухайлбал, ажлын байр бий болгосон болон ажилгүй иргэнийг ажилд авсан ажил олгогчдод урамшуулал, дэмжлэг олгох “Ажил олгогчийг дэмжих” дэд хөтөлбөрийн үр дүнд нийт 104 аж ахуйн нэгж, байгууллага 297 ажил олоход хүндрэлтэй иргэнийг тогтвортой ажлын байраар хангасан байна. Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй 29 иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байсан 260 иргэн, хорих ангиас суллагдсан 5 иргэн, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан 3 иргэн тус тус хамрагдсан байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 1994 ажлын байр, аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 986 сая төгрөгийн санхүүжилт бүхий 883 төслийг дэмжиж, хэрэгжүүлснээр 1204 байнгын ажлын байр бий болжээ.
Хөдөлмөрт бэлтгэх дэд хөтөлбөрийн хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, сэтгэл зүйн болон төлөвшлийн сургалт явуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг тусгайлсан арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт нийт 1927 иргэн хамрагдсан байна.
Эдгээр иргэдийн 15,5 хувь буюу 299 нь хөгжлийн бэрхшээлтэй, 16.3 хувь буюу 314 нь хорихоос суллагдсан, 0,4 хувь буюу 8 нь асрамжийн газраас гарсан, 27,1 хувь буюу 523 нь 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байсан, 33,3 хувь буюу 641 нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны чадвартай иргэд, 7,4 хувь буюу 142 нь сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд тус тус эзэлж байна.
Хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд эдгээр иргэдийн 36.5 хувь нь буюу 704 нь байнгын ажлын байраар хангагдсан болно.
Ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Мэргэжлийн ур чадварын сургалт зохион байгуулах” дэд хөтөлбөрийг үйлдвэрлэл дээрх сургалт, мэргэжлийн болон давтан сургалт, явуулын болон зайны, шавь сургалт гэсэн хэлбэрээр явуулж байгаа бөгөөд сургалтад нийт 15750 иргэнийг хамруулснаас 9797 нь буюу 62,2 хувь нь сургалтын дараа ажлын байраар хангагдсан.
Залуу малчин өрхийг малжуулах, өрхийн гишүүдийг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, мал аж ахуйн материаллаг баазыг нь бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 18 аймгийн 90 сумын 642 залуу малчин өрхийг хамруулав.
Байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, эрүүл, аюулгүй, хоггүй эко орчин бүрдүүлэх “Эзэнтэй Монгол” дэд хөтөлбөрийн хүрээнд 508 ногоон ажлын төслийг хэрэгжүүлж, 114 иргэдийн бүлэг, 232 нөхөрлөл, хоршооны 19933 иргэнийг, 1643 удаагийн нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж, 17011 ажилгүй иргэнийг тус тус хамруулсан байна.
Дээр дурьдсан дэд хөтөлбөрүүдээс гадна хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн бизнес эрхлэх хүсэл сонирхлыг дэмжих бодлогыг орон нутагт хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Сум хөгжүүлэх санд 2013 онд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилж, нэг суманд ногдож буй хөрөнгө оруулалт дунджаар 150 сая төгрөгт хүрсэн.
Тус сангаас 2013 онд хүнсний үйлдвэр 1000, хөнгөн үйлдвэр 1696, газар тариалан 951, мал аж ахуй 1215, барилга-497, худалдаа үйлчилгээ 790, бусад-827 нийт 7486 төсөл дэмжигдэн 40,990,450 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэхүү зээлийн үр дүнд шинээр байнгын 10628, түр ажлын байр 1821, хадгалагдсан 6840 нийт 19289 ажлын байр бүртгэгдээд байна.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих зорилгоор иргэнд 5 хүртэл сая, нөхөрлөл, хоршоонд 10 хүртэл сая төгрөг бүхий сарын 0,85 хувийн хүүтэй жижиг зээлийг орон нутгийн банкаар дамжин олгож байна.
Хэрэв ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахдаа зориулж 2 сая хүртэл төгрөгийн зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлдөг.
Энэхүү жижиг зээлийн үр дүнд 2013 оны эхний 11 сарын байдлаар 976,5 сая төгрөгийг 336 иргэн, нөхөрлөл, хоршоо авч 1028 шинэ ажлын байр бий болжээ.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Монголын залуучуудын холбоотой хамтран их дээд сургуулийн оюутан залуучуудыг зуны амралтын хугацаанд их бүтээн байгуулалт болон сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах түр ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг шинээр хэрэгжүүлэв. Үүнд:
“Сумын залуус” төслийн хүрээнд 21 аймгийн 278 суманд 1109 оюутан, “Ажлын гараа” төслийн хүрээнд 21 аймгийн 21 суманд 315 оюутан 24 жишиг өвөлжөө барьсан бөгөөд “Их бүтээн байгуулалтын чиглэлээр авто болон төмөр зам, шинэ барилга, уул уурхайн салбарт 7 багийн 105 оюутан нийт 1529 оюутан залуучуудыг түр ажлын байранд хамруулан 432 сая төгрөгийн цалин урамшуулал олгосон байна.
Дээр дурьдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд 2013 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 7370 байнгын, 34186 түр ажлын байр бий болсон.
Өнөөдөр манай улсад 103 орны 14.7 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 65.6 хувь нь уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын салбарт ногдож, өнгөрсөн сарынхаас 5.8 мянган хүнээр цөөрсөн нь Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах шалгуурыг өндөржүүлж байгаатай холбоотой юм.
Тухайлбал, ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөний зохицуулалтыг оновчтой болгох, энэ чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа бөгөөд гадаадаас авах ажиллах хүчнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах зэргээр шалгуурыг өндөржүүлж байна.
Гурав. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх зорилгоор аймаг, дүүрэг, сум, хороонд мэдээллийн сүлжээ, программ хангамж, цахим хайлтын биет системийг нэвтрүүлж, ажил хайгч, ажил олгогчийг шууд холбосон харъяалал харгалзахгүй, шуурхай нэгдсэн сүлжээ бий болгож байна.
Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажил хайх үйл явцыг иргэдэд ойртуулах зорилгоор 141 сум, 134 хороонд онлайн мэдээллийн “Е-бирж” байршуулсан бөгөөд уг системд энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 42,8 мянган ажил хайгч иргэн, 51917 ажлын шинэ байр, 26089 ажил олгогчийн мэдээлэл бүртгэгдээд байна.
Шинээр ажлын байртай болсон иргэдийн 52.8 хувийг 15-34 насны залуучууд, 20.4 хувийг 45-59 насныхан эзэлж байгаа бөгөөд эдгээр ажлын байрыг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл үйлдвэрлэл, барилга, гар урлал, ажил үйлчилгээний чиглэлийн ажилтан 29.3 хувийг, энгийн ажил мэргэжил 22.8 хувь, худалдаа үйлчилгээний ажилтан 9.6 хувийг тус тус эзэлж байна.
Ажлын байрыг шинээр бий олгосон аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэрээр авч үзвэл: төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад 13 хувь, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад 2.9 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад 53.7 хувь, хувь хүний бий болгосон ажлын байр 30.3 хувь байна.
Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа өргөжиж байгаа болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангуудаас олгож байгаа зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засгийн салбаруудад шинээр бий болж байгаа ажлын байрны захиалгын тоо 2013 оны 11 сарын байдлаар 194.1 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 дахин нэмэгдсэн бөгөөд тэдгээрт зуучлагдсан хүний тоо 54982-т хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.6 хувиар өссөн дүн гарч байна.
Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн шинэчлэлийн бодлогын үр дүнд 2013 оны эхний 11 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 хувиар, Нийгмийн даатгалын сангийн орлогын хэмжээ 20.7 хувиар тус тус нэмэгдсэн дүн байна.
Аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн бүтээмж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар нэмэгдэж, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 2012 онд 32.9, 2013 онд 15.7 хувиар тус тус өссөний дотор уул уурхай, олборлолтын салбарт 89.6 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 102.6 хувиар, тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарт 65.1 хувиар өссөн зэргээр эдийн засгийн бүх салбаруудад өсөлттэй байна.
2013 оны 3 дугаар улирлын байдлаар хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг товч дурьдвал: Хөдөлмөрийн насны хүн ам 1694.8 мянга байгаагийн 69.4 хувь нь эдийн засгийн идэвхитэй байна.
Улсын хэмжээнд нийт ажиллагчдын тоо 1086.5 мянгад хүрч, ажиллах хүчний оролцооны түвшин 62.1 хувь, түүний дотор хотод 54.8 хувь, хөдөөд 74.9 хувьтай байна.
Улсын хэмжээнд 88.9 мянган ажилгүй иргэн байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байна.
Хөдөлмөрийн салбарын бодлого нь дунд болон урт хугацаанд үр дүнгээ өгөх, эдийн засаг, нийгмийн хүрээний бодлоготой нягт уялдан хэрэгжиж үр өгөөжөө өгөх бөгөөд цаашид иргэдэд хүрсэн, бодит ажлын байр, орлого бий болгох үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг чиглүүлж, хамрах хүрээг өргөжүүлнэ.
Түүнчлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 40-өөс дээш болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг хөдөлмөрийн зах зээл дэх хүн амын онцлог бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”, “Сум хөгжүүлэх сан” болон “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас олгож буй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээл олгоход гарч буй хүндрэл, бэрхшээлийг арилгахад чиглэсэн өөрчлөлтүүд хийж иргэнд нээлттэй, ил тод зээлийн системийг хөгжүүлнэ.
Ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажлын байрны эрэлт, ажил олгогчийн захиалгыг шуурхай, уян хатан мэдэрсэн богино хугацааны сургалтыг чанаржуулж, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг үргэлжлүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын багшийг, өндөр мэргэшилтэй инженер, техникийн ажилтны түвшинд хүргэж чадваржуулах, сургалтын шинэ, идэвхитэй арга хэлбэр, түүний дотор “Хосмог” сургалтын аргыг нэвтрүүлж, суралцагчийн ур чадварыг өндөржүүлж, мэргэжлийн сургалтын байгууллагыг өмчийн хэлбэрийг үл харгалзан төрөлжүүлэн хөгжүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах, Монгол хүн төрсөн нутагтаа хүссэн ажлаа хийж, амьжиргаандаа хангалттай цалин хөлс авах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн харилцааны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх үүднээс холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn