logo
Дундговийн МАН хагаралдаж байна

Дундговийн МАН хагаралдаж байна

2013/12/23

Дундговь аймгийн ИТХ-ын хуралдаан энэ сарын 24-нд товлогдсон боловч МАН-ын бүлэг хуралдааны танхимд орж ирээгүйгээс цуцлагдлаа. Хуралдаан эхлэх өглөө МАН-ын бүлэг хуралджээ. Аймгийн Засаг даргад өрсөлдөхөөр Улаанбаатараас ирсэн Ц.Ганхүү, ИТХ-ын дарга асан Ц.Мөнгөнцоож хоёр дээр нууц санал хураахад нэг саналын зөрүүтэй Ц.Ганхүү илүүрхэж хоёр төлөөлөгч санал  өгөөгүй нь МАН дахь хагарлыг илтгэнэ. 

Ц.Ганхүүг аймгийн Засаг дарга болохыг бүлгийн гишүүдийн талаас илүү нь  дэмжихгүй байгааг сонгуулийн дүн харууллаа. Ц.Ганхүү аймгийн Засаг дарга болох юм бол МАН-ын удирдлагыг гартаа авах нь тодорхой. Үүнийг МАН-ын одоогийн  дарга С.Сүхбаатар,  намын даргад өрсөлдөхөд бэлэн гэдгээ нуухгүй байгаа ИТХ-ын дарга С.Буджав нар мэдэхийн ихээр мэдэж байгаа төдийгүй Ц.Ганхүү аймгийн Засаг дарга болох юм бол өөрсдөө хүүхдүүдийн ярьдгаар “Байхгүй” болно гэдгээ ойлгосон хүмүүс.  Тиймээс хэний ч төлөө санал өгөөгүй хоёр хуудас хэнийх болох нь ойлгомжтой. 

Харин мэдээлэл багатай иргэд Ц.Ганхүүг АН-аас дэвшсэн мэт  эндүүрснийг буруутгах аргагүй. Яагаад гэхлээр  2008 онд АН-тай угшил нэгтэй, одоо ч Засагт хамтарч яваа МҮАН-ын гишүүний хувьд УИХ-д өрсөлдөж байснаар нь төсөөлж байгаа бололтой. Тийм биш сонгуульд ялагдмагцаа эрх баригч МАН-д орж тэнд дарга, даамал хийж явсан Ц.Ганхүү “Тураг ядрахаар уулаа, хүн ядрахаар нутгаа” гэдэгчилэн нам нь эрх барихаа болж хөрөнгө зоорины нь ундрага дундрахаар МАН-аас нэр дэвшин  Дундговийг захирч хаанчлахаар төрөлх аймгаа зорьсон хэрэг. Харин уугуул нутгийн нь МАН Ганхүүг  тун таагүй угтсан тухай дуулдаж эхэллээ.

Намын бүлгийнх нь талаас илүү нь дэмжээгүй байхад өрсөлдөгч намынхны дэмжлэг гэж юү байх билээ. Нөгөө талаар Ц.Ганхүүг төдийлөн дэмжихгүй байгаагаа аймгийн МАН ил тод зарлаагүй ч хуралдаанд оролцохгүй гэсэн саналыг гаргасан одоохондоо МАН-ын дарга хэвээр байгаа С.Сүхбаатарын мэдэгдэл юү хэлээд байна гэвэл “Ямар ч байсан Ц.Ганхүүг аймгийн Засаг даргаар гаргаж болохгүй” гэсэн хатуу байр суурины илэрхийлэл юм. Тэгээгүй бол “МАН бас л хуралдаанд тээг тавиад хийлгэсэнгүй” гэсэн муу нэр дуулахыг бодохгүй л байсан.

Үнэхээр ч  аль намын гишүүн нь мэдэгдэхгүй, аль дийлсэн талд нь байр сууриа бэхжүүлдэг хамелон МАН-д хэрэггүйг тэд сайн ойлгожээ. Тэр эсрэг байр суурийг зөөллөхөөр Ц.Ганхүү МАН-ын бүлгийн гишүүдийг “Говийн тэнгэр” гэдэг ресторанд шөнөжин архидуулсан гэсэн мэдээ сонсдлоо. Тэднийг “Хавтгай” архидалт зохион байгуулж ахуйд АН-ын бүлгийхэн хуралдааны танхимд хүлээсээр шөнийн 12 цаг хүргэсэн байна.   

Ер нь Дундговийн МАН хүнийг ашиглаад л өөрт хэрэггүй бол тэр чигт нь хаядаг. Үүний тод жишээ нь МАН-ыг өмнө нь удирдаж байсан Чандманийг ганцааранг орхидоод  өөрсдийн ченж нарын жипүүдэд чихэн суугаад архидахаар ресторан руу давхилджээ. Ганцаараа явган үлдсэн  Чандмань нэгэн цагт “Даргаа” хэмээн долдойдож байсан журмын нөхөд нь хаяад хэл сураггүй  одсонд дэмий л гайхсаар гэрийн зүг шэлдэрсэн байна. МАН-ынханд эрх мэдэл, албан тушаалын хэнээрхэл л байна уу гэхээс   хүн чанар, хүнлэг сэтгэл, зовж зүдэрсэн нэгнээ гэх бодол байдаггүйн тод жишээ, Дундговийн МАН хагарч бутарч байгаагийн илэрхийлэл энэ юм даа. 
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш