logo
Хүүхдүүд УИХ-ын даргаас бэлэг гардав

Хүүхдүүд УИХ-ын даргаас бэлэг гардав

2013/12/23

Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн 35 жилийн ой энэ 2013 онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн нэг болох Харшийн сүлд модны наадамд өнөөдөр /2013.12.21/  УИХ-ын дарга З.Энхболд оролцов.

Хүүхэд багачуудад зориулсан харшийн сүлд модны наадмыг тус төв жил бүр маш сонирхолтой хийж, олон зуун хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. “Шидэт толины гайхамшиг ба шинэ бүхний эрэлд” нэртэй энэ жилийн наадмын тоглолт Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын болон нийслэлийн авьяаслаг хүүхдүүд, Монгол цирк, Монголын хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллежийн уран бүтээлч нийт 90 гаруй хүүхдүүдийн дуу бүжиг, жүжигчилсэн үзүүлбэрүүдээр бүтжээ.

   Олон улсын хүүхдийн "Найрамдал" төв “Шидэт толины гайхамшиг ба шинэ бүхний эрэлд” харшийн сүлд модны наадмын тоглолтоо 12 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд өдөр бүр тоглож, 5000 гаруй хүүхдүүдэд сонирхуулахаар ажиллаж байгаа аж. Харшийн сүлд модны наадамд хүрэлцэн ирсэн хүүхдүүд өглөө тус төвд ирмэгцээ л өртөөчилсөн аяллаар хөгжилтэй чаргаар бартаат замаар аялан Сантагийн гэрт зочилж, хамтдаа нууц түлхүүрийг тайлж, хурд хүчээ сорихын дээр амьтдын ертөнц, нисдэг таваг, урлахуй, IQ ухаанаа хөгжүүлье, бүжицгээе, эх орон өртөөнүүд дээр бас саатан наадацгаах юм байна. Дараа нь баярын зоогоо барьж, хүүхдийн гүрэнт улс дахь мөрөөдлийн шинэ жилийн харшийн сүлд модны наадамдаа оролцож, бэлгээ гардан авна.

   Өнөөдрийн тоглолтын үеэр хүүхдүүд УИХ-ын даргын гараас бэлэг гардан авсан онцгой өдөр байлаа. УИХ-ын дарга З.Энхболд хүүхдүүдэд хандан, тэдэнтэй хамт байж, хүүхэд насандаа эргэн очсон мэт хөөр баяртай байгаагаа хэлээд шинэ жилийн баярын мэнд хүргэн, сурлагын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө. Мөн хүүхэд бүрд төрөөс олгож байгаа 20 мянган төгрөгөө хүүхдүүд юунд зарцуулж байгааг асуухад хүүхдүүд нэгэн дуугаар “дансандаа хадгалж байгаа” гэж хариулсан юм. Бүх хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцаж байдгыг мэдэх үү гэж УИХ-ын даргыг асуухад багачууд мөн л нэг дуугаар “тийм ээ” гэж хариулж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш