logo
 Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Уриалга гаргалаа

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Уриалга гаргалаа

2013/12/25

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагуудаас гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, хүчирхийллээс улбаатай аймшигт хэргүүд өсч буй талаар болон 2005 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах бодит хамгаалалт болж чадахгүй байгааг дүгнэж, саяхан төр засагт хандаж шаардлага хүргүүллээ.

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар тодорхой санал санаачлагууд гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь гэр бүлийн хүчирхийллээс улбаатай хүн амины гэмт хэрэгт ял шийтгүүлж буй эмэгтэйчүүдийн асуудлыг судалгаагаар тогтоож хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох байгууллагуудад сургалт, сурталчилгаа явуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрны үйлчилгээний зардлыг төрөөс санхүүжүүлэх асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн сонорт хүргэж, шийдвэрлүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Иргэний нийгмийн байгууллагын санал, санаачлагыг Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс дэмжиж, Улсын их хурал, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, бүх ард түмэнд хандаж дараах Уриалгыг гаргаж байна.

1. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн оновчтой зохицуулалтыг яаралтай бий болгох;

2. Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүний асуудал биш, нийгмийн асуудал болохын хувьд иргэн, байгууллага, хамт олон нэг бүрийн оролцоо чухал учраас гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчдэг нийгмийн уур амьсгал, амьдралын хэвшил бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш