logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн ихрийн гэр бүлийнхэнд мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн ихрийн гэр бүлийнхэнд мэндчилгээ дэвшүүлэв

2013/12/25

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын түүхэнд анхных болж мэндэлсэн дөрвөн ихэр иргэндээ болон тэдний аав, ээжид өнөөдөр мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ч.Баттулга, Э.Хандаа нарт,

Эрхэм хоёр дүүдээ энэхүү өлзийт сайн өдөр дөрвөн ихэр үрийнхээ зулайг үнэрлэж, амьдралынхаа алтан шар замын торгон магнайд баяр баясгалантай зогсч байгаад Монгол Улсын төрийн тэргүүн би туйлын их баяртай байна. Та хоёртоо баяр хүргэе.

Энэ хорвоод дөнгөж ирээд тарвалзан буй Монгол Улсын дөрвөн бяцхан иргэндээ эрүүл саруул, хурдан өсч бойжоод төр улсдаа нэртэй, түмэн олондоо тустай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот, Төрийн ордон” гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй дөрвөн ихрийн аав Ч.Баттулга, ээж Ч.Хандаа нарт гардуулан өгч сайн сайхны ерөөл дэвшүүлэв.

Өчигдөр хорвоод мэндэлсэн  гурван хүү, нэг охин дөрвөн ихрийг П.Гэндэнжамцын нэрэмжит Эх хүүхдийн эрдэм шинжилгээний үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч С.Хишгээ, н.Пагма, н.Алтанцэцэг, н.Амгаланбаяр, сувилагч н.Бэрцэцэг, нярайн эмч н.Тунгалаг нар эх барьж авчээ.

Монголын үрс маш олон болтугай. Монголчууд улам олуулаа болтугай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш