logo
Буяны үйлчилгээний компаниуд асрах төвийн хүүхдүүдтэй баяр тэмдэглэв

Буяны үйлчилгээний компаниуд асрах төвийн хүүхдүүдтэй баяр тэмдэглэв

2013/12/31

Хүүхэд бүр гоё ганган хувцсаа өмсөж аав ээжийнхээ хамт ганган ногоон гацуур модоо чимэглэж аз жаргалаар бялхаж байх ахуйд би бээр нэгэн асрамжийн газрыг зорьсон юм. Аав ээжийнхээ хайр халамжийг амсаж чадалгүй өчүүхэн жаахан биеэрээ хорвоогийн хатууг туулан яваа энэ л хүүхдүүд жилд ганцхан тохиох Шинэ жилийн  баярыг хэрхэн яаж өнгөрөөж буйг харахаар зорин буй нь энэ. “Вербист” хэмээх нэртэй Баянгол дүүргийн ард байрлах энэхүү асрах газрын хүүхдүүдтэй уулзах боломжийг олгосон байгууллага бол “Улаанбаатар буян” ХХКомпанийнхан. Тус хоёр байгууллага хамтран ажиллаад даруй таван жилийн нүүрийг үзэж буй. Буяны байгууллага гэж олноо алдаршсан “Улаанбаатар буян” ХХКомпани энэ асрах газрынхантай тун сонин тохиолоор холбогдсон гэдэг. Тэднийг холбосон хүмүүн бол Сувдаа хэмээх жаахан охин. Тэрбээр Налайхын уурхайгаас нүүрс түүж өвчтэй ээжийгээ тэжээдэг байсан ч энэ хорвоо хатуу гэдгээ түүнд үзүүлж хайрт ээжийгээ нь нөгөө ертөнц рүү аваад явчихсан юм билээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу энэ л үед азаар NTV телевезийнхэнтэй учирж тэд “Улаанбаатар буян” ХХКомпанийхантай холбож өгсөн гэх. “Улаанбаатар буян” ХХКомпанийнхан ээжийнх нь хойдохыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлэхийн сацуу бяцхан охины ирээдүйг бодон дүүгийнх нь хамт “Вербист” төвд авчирсан нь энэ.

Сувдаа охин энэ жил гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны ундраа” сургуульд амжилттай суралцаж байгаа аж. Энэ л үеэс хойш тус хоёр байгууллага байнгын холбоотой болж баяр болгоноор холбоогоо зузаатгадаг болжээ. Өнөөдөр ч энэ л уламжлалынхаа дагуу бүх хүүхэд баярын бэлэг гардуулж басхүү хичээлийн шинэ жилийн эхэнд зарласан “Шилдэг хүүхэд” уралдааныхаа дүнг гаргаж буй нь энэ. Бяцхан хүүхдүүдийн жаргалтай инээдээр хачирлагдан сайхан болж буй энэхүү арга хэмжээний үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

“Шилдэг хүүхэд” уралдаан хүүхдүүдийн сурлагад сайнаар нөлөөлж байгаа

“Вербист” Хүүхэд асран  хүмүүжүүлэх төвийн захирал О.Одгэрэл:

-Бидний үйл ажиллагаанд болон хүүхдүүдэд маань тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг хамт  олон, хувь хүмүүст болон “Улаанбаатар буян” ХХК, “Улаанбаатар бодь буян” ХХКомпаний хамт олонд баярлаж явдагаа илэрхийлье. Эдгээр буяны үйлчилгээний байгууллагууд манай хүүхдүүдийн амьдрах орчинд анхаарал хандуулдаг тогтмол харилцаатай цөөхөн байгууллагын нэг. Тухайн байгууллагын нэрэмжит “ШИЛДЭГ ХҮҮХЭД” уралдаан нь манай хүүхдүүдийн сурлага хүмүүжилд маш ихээр нөлөөлдөг. Энэ уралдааныг явуулж эхэлснээс хойш хүүхдүүдийн маань сурлага ахисны зэрэгцээ дүү нараа асран хүмүүжүүлэх тэднийхээ хичээл сурлага, ариун цэвэрт тавих анхаарал нь эрс сайжирсан. Манай төвд одоогоор нийт 53 хүүхэд хүмүүжиж байна. Ахлах ангийн хүүхдүүд нь дүү нараа хайрлан халамжилдаг. Хоорондоо маш эвтэй яг л төрсөн ах дүү шиг өсч хүмүүжиж байгаа. Энэ удаагийн уралдаанд О.Туяа, Л. Пүрэвдаваа, Т.Пүрэвдамба нар эхний гурван байрт, 11 хүүхэдтэй 3-р гэр бүл шалгарч тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулаад бөөн баяр хөөр болцгоож байна. Хүүхдүүд маань тэр болгон бэлэн мөнгөөр өөрсдийн дуртай зүйлээ худалдан авах боломжгүй байдаг учраас мөнгөн шагнал авахдаа маш их баярладаг. Мөнгөн шагнал авч хүссэн зүйлээ авдаг. 2012 оны шинэ жилээр зарласан уралдаанд түрүүлсэн хүү шагналынхаа мөнгөөр өөрийнхөө сонирхож байсан пүүзийг худалдаж аваад бөөн баяр болж байсан.

Дараагийн уралдаанд ч бас түрүүлнэ

“Шилдэг хүүхэд” уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагч О.Туяа:

            -Шилдэг хүүхэд уралдаан нэгдүгээр байр эзэлсэндээ маш их баяртай байна. Энэ уралдаанд би ганцаараа сайн байж түрүүлсэн юм биш. Хариуцсан дүү нар маань ч их сайн байсан учраас түргүүлсэн. Дүү нар маань уралдаанд түрүүлэхийн тулд гэрээ сайн цэвэрлэж, хичээлээ сайн хийж байсан. Үүнийхээ ачаар манай гэрийнхэн тэргүүн байранд орлооо. Тэгэхээр дүү нартаа бас баяр хүргэж хайртай шүү гэж хэлмээр байна. Одоо шинэ жилийн баяраар шалгаруулах уралдаанд дахин түрүүлэхээр хичээцгээнэ. Манай төвийнхөн дундаасаа хүүхдийн зөвлөл гэж байгуулсан. Энэ хүүхдийн зөвлөлөөрөө ярилцаж байгаад уралдаанаа дүгнэсэн. Мэдээж багш нар маань ч гэсэн уралдааны дүгнэлтэнд оролцсон л доо. Хүүхдүүд бидэнд байнга гоё бэлэг өгч бас сурлага хүмүүжилд минь анхаар тавьдаг “Улаанбаатар буян” ХХК, “Улаанбаатар бодь буян” ХХКомпанийн ах эгч нартаа баярлалаа.

Хүүхдүүд чихэр жимснээс илүү амьдралдаа хэрэгтэй зүйлс хүсч байна

            “Улаанбаатар бодь буян” ХХКомпанийн захирал О.Мэндбаясаа:

-Манай компани 2011 оноос эхлэн “Улаанбаатар буян” ХХКомпаний санаачлан зохион байгуулж ирсэн энэ буяны үйл ажиллагаанд хамтран оролцож байна. Аливаа зүйлд буяны сэтгэлээр хандах гэсэн бидний хүсэл зорилго нэгдэж бага балчир насандаа амьдралын хатуу бэрхийг амсаж яваа эдгээр хүүхдэд сэтгэлийн дэм өгч тэдгээрийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахад манай хамт олон үргэлж бэлэн байдаг. Өнөөдөр ч мөн адил хүүхэд багачуудаа баярлуулаад тэднийхээ санал сэтгэгдлийг сонсож халуун дотно яриа өрнүүллээ. Тэд чихэр жимс гэхээсээ илүүтэйгээр өөрсдийнхө ахуй амьдралд хэрэгтэй зүйл бэлгэнд байвал зүгээр хэмээн санаа бодлоо бидэнд хэлж байна. Энэ нь хүүхдүүд том болж байгааг бас өөрсдийн үзэл бодлоо нээлттэй, чөлөөтэй илэрхийлж сурч байгаагийн илэрхийлэл. Бас бидний харилцаа дотно болж байгаагийн илрэл гэж бодож сууна.

“Шилдэг хүүхэд” уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцдог

            “Улаанбаатар буян” ХХКомпанийн Үйлчилгээ хариуцсан захирал Д.Мөнхнасан:

            -“Вербист” төвийнхөө хүүхдүүдтэй уулзаад тун баяртай байна. Манай хоёр байгууллага 2009 оноос эхлээд л хамтран ажилласан. Анх Налайхын уурхайн нүүрсний хог түүж гэр орныхон болон хүнд өвчтэй ээжийгээ асарч байсан жаахан охины ээж нь бурхан болж NTV телевизийн зүгээс манайд хандан оршуулгын үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг нь хүлээн авч буяны ажлыг нь бүрэн хариуцан хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн өнчин хоцорсон хоёр  хүүхдийг энэ хүүхэд асран хүмүүжүүлэх төвд авчирч өгсөн. Түүнээс хойш манай хоёр байгууллага байнгын холбоотой ажилладаг болсон. Жил ирэх тусам бидний харилцаа өргөжиж байна. Манай хоёр хүүхэд их том болжээ. Сувдаа охин маань энэ жил гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны ундраа” сургуульд амжилттай сурч байна. Манай компани 2011 оноос эхлэн хүүхдүүдийн сурлага хүмүүжилд анхаарах идэвхийг нь нэмэгдүүлэх зорилгоор жилийн турш тогтмол үргэлжлэх “Шилдэг хүүхэд” уралдааныг зохион байгуулдаг болсон. Энэ уралдаанаа Хүүхдийн баяр болон Шинэ жилээр дүгнэдэг. Энэ уралдаанд хүүхдүүд маш идэвхтэй оролцдог. Бид энэ арга хэмжээнийхээ үеэр хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөөс гадна тэдний амьдрах нөхцөлийг сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай тохилог эрүүл орчин бүрдүүлэхэд нь аль болох туслахыг боддог. Угаасаа энэ уралдааны гол зорилго нь энэ.

            Дашрамд хэлэхэд “Улаанбаатар буян” ХХКомпани нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ONSAS18001:2007 олон улсын стандартуудыг хэрэгжүүлэгч байгууллага. Энэ утгаараа хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс гал тогооны болон ариун цэврийн өрөөнүүдийг зориулалтын угаагч, ариутгагч тоног төхөөрөмжөөр тоноглохыг эрмэлздэг. Мөн “Улаанбаатар буян” ХХКомпани, “Улаанбаатар бодь буян” ХХКомпаниуд нь буяны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд учраас хүүхдүүдийнхээ өвчин зовлонгүй, насан урт, ажил үйлс нь бүтэмжтэй байж, өлзий хутаг нь дэлгэрч байг хэмээн жил бүрийн Цагаан сараар өөрийн сүмийн лам нарыг урьж “Хүүхдийн банзрагч”, “Дашчийравын сан”. “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх”, “Бумчин” номуудыг айлдуулдаг уламжлалтай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш