logo
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ Мэндчилгээ

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ Мэндчилгээ

2013/12/31

Анд найзуудаа! Цоглог залуусаа!

Амьдрал хэмээх номын сангийн 12 бөлөг, 365 хуудастай нэгэн номыг амжилт, сургамжаараа бичиж, шинэ боломжоор дүүрэн 2014 оны эхний хуудсыг хэдхэн мөчийн дараа нээх гэж буй Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэе.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны хувьд 2013 он олон үйл явдлаар баялаг, онцлог жил болж өнгөрлөө.

Дэлхийн улс орнуудад суралцах, харилцан туршлага солилцох боломжийг залуустаа гаргаж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн бэлтгэж, ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Австрали, Япон, Канад, Герман, БНСУ зэрэг оронд суралцуулах хөтөлбөрийг эхлүүлж, 30 гаруй залуусыг богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрууллаа. Гадаадад суралцаж, ажиллаж амьдарч буй залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11 оронд салбар зөвлөлөө байгууллаа.

Xүнамын 65 орчим хувийг бүрдүүлж буй залуучуудынхаа дуу хоолойг төр засгийн удирдлагуудад хүргэх зорилгоор орон даяар суурь судалгаа зохионбайгуулж, өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй 76 асуудлыг нэрлэж хууль тогтоогчдод нээлттэй хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн төлөө зөв бодлогыг дэмжиж, ардчиллын үнэт зүйлс зөрчигдсөн, шударга бус үйлдлийг анхааруулж, ажиллахыг эрхэмлэлээ.

Аль ч улс орны хөгжлийн түүхийг үе үеийн залуус хүсэл мөрөөдлөөрөө бичсэн байдаг. Эх орон маань дэлхийн тавцанд нэг л хөлөг онгоц. Бид нэг л Монгол. Сайхан Монгол орноо хөгжил нь хамгийн хурдан, нийгэм нь хамгийн хүнлэг,  төр нь хамгийн нээлттэй, иргэд нь хамгийн бүтээлч байж шилдгийн шилдэг хөлөг онгоц болгохын төлөө залуу насныхаа эрч хүчээр чимж, ирж буй 2014 онд амжилтаас амжилтад тэмүүлж амьдарцгаая!

Амжилт бүтээл, азжаргалын Алтан сарнай айл бүрийн хойморьт дэлбээлэг.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш