Шинэ он гарснаар Латви Евробүсд албан ёсоор нэгдэж, еврог мөнгөн тэмдэгтээрээ хэрэглэдэг Европын Холбооны 18 дахь улс боллоо. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүд багтаж байсан тус улс санхүүгийн хямралаа гэтлээд удаагүй байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтийн хурдаараа Европын Холбооны улсуудыг хошуучилж байна.
Латви ийнхүү евро хэрэглэснээр Оросоос хамааралтай байдал нь багасна гэсэн хүлээлт зарим шинжээчдийн дунд байгаа юм. Мөн тус улсын засгийн газар төдийгүй ихэнх бизнес эрхлэгчид еврог гүйлгээнд ашиглах нь зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж үзэж байна. Латвийн төв банкны ерөнхийлөгч Илмарс Римсевикс "Евро тогтвортой, тодорхой байдлыг бий болгоно, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь гарцаагүй.
Тиймээс ажлын байр, татварын орлого нэмэгдэнэ" гэж мэдэгджээ. Гэхдээ санал асуулгаар тус улсын иргэдийн 60 хувь нь шинэ мөнгөн тэмдэгт ашиглахыг дэмжихгүй байна гэсэн дүн гарсан байна. Латвийн хувьд экспортын хамгийн том зах зээл нь ОХУ бөгөөд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бусад орнуудын иргэд тус улсын банкуудад их хэмжээний хадгаламж эзэмшдэг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/