Бусдын газар дээр шон хатгаж хоосон гэр барьж, түүндээ амьдарч буй дүр эсгэн сууж газрын эздээс мөнгө салгадаг төрийн ажилтнаар толгойлуулсан бүлэг шантаажлагчид энэ хаврын ээлжилт ажлаа эхэлжээ. Зайсангийн 11 дүгээр хороонд бүртгэлтэй гэх 40 өрхийн 100 гаруй иргэд байна. Тэд энэ сарын 7-ний өдөр энд гурван гэр хашаа барин сууцгааж байгаа гэнэ. Тэд компаниудын барилгын ажлыг хийлгэхгүй, цаг алдуулах, зориудаар хэл ам таталж, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татан бизнесийнх нь нэр хүндэд халдан их хэмжээний мөнгө салгаж авах аргад шилжсэн бүлэг хүмүүс ажээ. Энэ тухай /компанийнхаа нэрийг хэлэхээс татгалзсан/ Зайсан дахь нэгэн компанийн газрыг хамгаалж буй “Зэв” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Л.Жаргалсайхан ярьсан. Тэрээр цааш нь энэ хүмүүс урд өмнө нь энд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэж байсан н.Доржпүрэв захиралтай Финанс сервис компаниас 45 сая төгрөг, мөн Монос компаниас мөнгө салгасан гэсэн юм. Ойролцоогоор 30 хүн хоёр орчим сая төгрөг авсан аж. Тэд эх нутаг газар орны жинхэнэ эзэд гэж тэмцлийн дүр эсгэж хэсэг жүжиглэж байгаад мөнгө аваад салдаг. Тэр ч бүү хэл түрүү жил би мөнгө аваагүй. Танайх тэдийг авсан чи энэ тэмцэлд орохгүй, чамд мөнгө өгөхгүй гэж зодолдож мод чулуугаар шидэлцсэн гэнэ. Тэд нарийн зохион байгуулалтад орж газраа хамгаалах иргэдийн хороо байгуулжээ. Хороо нь найман удирдах зөвлөлийн гишүүнтэй аж. Гишүүдэд нь Хан-Уул дүүргийн 11дүгээр хорооны дарга Түвшинжаргал, хорооны хэсгийн ахлагч Н.Цэвэлмаа, хэсгийн ахлагч Б.Алтанчимэг, иргэн Өлзийбаяр, С.Бурмаа, Алтангэрэл, Б.Баатар, 11дүгээр хорооны ИТХ-ын Ч.Алтантулга гэсэн төрийн ажилтнуудаар толгойлуулсан гэв. Тус 11дүгээр хорооны иргэн Б.Бурмаа “Би энэ нутаг дэвсгэрт 20 жил амьдарч байна. Хашааны газаргүй. Эндээс хашааны газар авахаар тэмцэж байна. Хэрэв хашааны газар олдохгүй бол мөнгө авна. Энэ газрын эзэнд тэгж л хэлмээр байна “ гэлээ. Гэтэл хажуунаас нь нэг нөхөр чи яагаад буруу яриад байна гээд түлхэв. Гэтэл тэрээр “Юу яриад байгаа юм чимээгүй харж байгаад хоосон хоцормооргүй байна. Ноднин чи мөнгө авчихаад дахиад шунаад байна уу” гээд чимээгүй болсон юм. Энэ байдлаас харахад мөнгө салгах нарийн аргад шилжсэн бүлэглэл бий болсон гэхэд хэлсдэхгүй. 40 өрхийн эдгээр иргэдийн ихэнх нь тус хорооны дөрөв, зургадугаар хэсгийн хороонд амьдардаг хашаа байшинтай иргэд аж. Энэ байдлыг хууль хяналтынхан ахнааралдаа авч шалгаж үзэх нь зүйтэй болов уу?
Ц.Мягмарбаяр
Зууны мэдээ