logo
Ким Чен Ун хүргэн ахдаа цаазын ял оноосноо сайшаав

Ким Чен Ун хүргэн ахдаа цаазын ял оноосноо сайшаав

2014/01/06

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун ард иргэддээ хандан хүргэн ахдаа цаазын ял оноосон талаараа анх удаа дурдлаа. Тэрээр шинэ жилийг тохиолдуулан мэдэгдэл хийх үеэрээ өнгөрсөн сард Чан Сон Текийг хороосон "шийдвэртэй алхам" нь улс орны эв нэгдлийг "100 дахин" бэхжүүлсэн хэмээн онцолсон байна. Ким түүнчлэн АНУ болон БНСУ-ыг Солонгосын хойгт цөмийн зэвсэг авчрахын тулд "улайрч" байна хэмээн буруутгажээ. Умардын удирдлагууд залуу удирдагч Кимийн эцэг Ким Чен Ирийн эмэгтэй дүүтэй гэрлэж байсан Чан Сон Текийг урван тэрсэлсэн хэргээр буруутгаж, улмаар түүнийг цаазалснаа 12-р сарын 13-нд зарласан юм.

Залуу Ким 2011 онд эцгийнхээ орыг залгамжлах үед Чан Сон Тек түүнд зөвлөгөө өгч байсан гэсэн мэдээлэл байдаг аж. Хэдийгээр Чан Умард Солонгосын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогддог байсан ч түүнийг намын хурал дээрээс зэвсэгтэй цэргүүд авч гарсан бөгөөд улмаар бүх албан тушаалаас нь огцруулжээ. Үүний дараа төрийн мэдлийн KCNA агентлаг Чан шүүх хурлын үеэр төрийн эргэлт хийхээр зэхэж байснаа хүлээсэн, түүнийг нэн даруй цаазалсан гэж мэдээлсэн байна. Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар Чан Хятадын эдийн засгийн шинэтгэлийг хэт дэмждэг байсан учраас түүнийг ийнхүү зайлуулжээ.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/


 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш