Египетийн Каир, Александриа зэрэг хэд хэдэн хотод цагдаа нар болон Лалын Ахан Дүүс улс төрийн хүчнийг дэмжигч жагсагчдын хооронд мөргөлдөөн болох үеэр 11 хүн амь үрэгдэж, 52 хүн гэмтсэн гэж тус улсын Эрүүл Мэндийн Яам мэдээллээ. Харин Лалын Ахан Дүүс хүчний зүгээс 17 хүн амь эрсэдсэн гэсэн мэдээллийг өгч байна. Өнгөрсөн баасан гарагт болсон энэ мөргөлдөөний үеэр нийт 122 хүнийг баривчилжээ. Египетийн эрх баригчид террорист "цол" аваад байгаа тус улс төрийн хүчний эсрэг авах арга хэмжээгээ саяхнаас чангатгаад байгаа юм. Цэргийн эрхтнүүд өнгөрсөн 7-р сард Исламист ерөнхийлөгч Мохаммед Мурсиг төрийн эрхнээс хүчээр буулгаснаас хойш түүнийг дэмжигчид байнга жагсаал цуглаан хийсээр өдийг хүрчээ. Гэхдээ эрх баригчид Лалын Ахан дүүс бүлгийн олон мянган гишүүнийг баривчилсан гэж BBC мэдээллээ. Дашрамд дурдахад өнгөрсөн 9-р сард Лалын ахан дүүс хүчний бүх үйл ажиллагааг хориглосон бөгөөд 3 сарын дараа террорист бүлэглэл гэж зарласан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/