Ням гарагт Хятадын аюулгүйн хүчний 3,000 гаруй албан хаагчид болон цагдаа нар Гуандон мужийн Боше сууринд тусгай ажиллагаа явуулж, 3 тонн талст метамфетаминыг хураажээ. Цагдаа нар түүнчлэн хар тамхины 18 бүлэглэлтэй холбоотой байж магадгүй 182 сэжигтнийг баривчилсан гэж Гуандоний олон нийтийг аюулаас хамгаалах товчоо мэдэгдлээ. Цагдаа нарын мэдээлснээр тусгай ажиллагааны үеэр хар тамхи үйлдвэрлэдэг 77 үйлдвэрийг хаасан байна. Хураасан мансууруулах бодис ойролцоогоор 232 сая ам.долларын үнэд хүрнэ гэж South China Morning Post сонин мэдээлжээ.
Луфенг хотод орших Боше суурин нь мансууруулах бодис үйлдвэрлэж, худалддаг гол газруудын нэг гэж Хятадын хууль сахиулах байгууллагынхан үздэг гэнэ. Сүүлийн 3 жилд нийт метамфетамины гуравны нэгийг тус хотоос нийлүүлсэн гэж Гуандоний олон нийтийг аюулаас хамгаалах товчоо мэдээлсэн байна. Тодруулбал Боше суурингийн таван айл өрх тутмын нэг нь хар тамхин үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагаанд шууд оролцдог ажээ. Гуандоны цагдаа нар 2013 оны 7-р сараас хойш нийтдээ 8.1 тонн мансууруулах бодис хурааж, 10,836 хүнийг хар тамхины хэргээр баривчилсан байна. Харин НҮБ–аас мэдээлснээр 2011 оноос хойш дэлхийн улс орнуудын хууль сахиулагчид нийтдээ 88 тонн метамфетаминыг хураажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/