УИХ дахь АН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаа хийх үеэр Хуульзүйн сайд Х.Тэмүүжин мэдээлэл хийсэн юм. Шүүхийн шинэтгэл дуусаагүй, энэ онд үргэлжилнэ гэдгийг Х.Тэмүүжин сайд онцоллоо. Дээрх хуулиуд батлагдан, үйлчилж эхэлсэнтэй холбогдуулаад, дараагийн хуулиудын томоохон шинэтгэл эхэлж байна. Мөрдөх албаны тухай хууль батлагдсанаар хар тамхи, зэвсгийн худалдаа, цахим гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэх мэт гэмт хэргүүдийн талаар судалгаа, тоо баримтуудыг нягтлах, илчлэх арга барилыг боловсронгуй болгох гэхчлэн хариуцах байгууллага нь өөрөө мэргэжлийн болно гэж хууль санаачлагчид үзэж байна.
Үүнээс гадна Галт зэвсгийн тухай хууль, Хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай хуулиудыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ долоо хоногт УИХ-д өргөн барих гэж байна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Гэмт хэргийн хууль, Зөрчлийн тухай хуулийн төслийг ирэх бямба гарагт Засгийн газраар хэлэлцээд, дараагийн долоо хоногт УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Эдгээр хууль батлагдсанаар далд үйлдэгддэг, шинэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх үйл ажиллагаа эрс сайжирна гэж үзэж байна.
Түүнчлэн Хуулийн тухай хуулийн төсөл өргөн баригдана. Хууль санаачлах эрх бүхий Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гэсэн 78 субьект хууль өргөн барьж байгаа боловч нэг стандарт мөрддөггүй, өөр өөр нэр томъёо хэрэглэдэг, тооцоо судалгаа байдаггүй, энэ нь хуулийн тогтолцоог гажуудуулдаг, эцсийн дүнд хэрэгжүүлэх үүрэгтэй албан хаагчдад маш их хүндрэл учруулж байгааг зохицуулахаар хуульд тусгажээ. Хууль зүйн шинэтгэлийн хүрээнд оруулж ирэхээр боловсруулж буй бас нэгэн хуулийн төсөл нь Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хууль юм.
Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны үйл ажиллагааны тухай хууль, Хуулийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь суурь харилцааг өөрчилж байгаа болохоор олон хүний эрх ашгийг хөндөнө гэдгийг Х.Тэмүүжин гишүүн анхааруулж байлаа.
Эдгээрээс гадна хаврын чуулганд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай гэсэн хоёр төрлийн хууль өргөн барина. Ийнхүү хаврын чуулганаар Хуульзүйн байнгын хороо болон УИХ эдгээр хуулиудыг хэлэлцэн, маш их ачаалалтай ажиллах нь ээ.